Saturday, April 16, 2011

Миний зурхайд бууснаар...

Плэйофф ганцхан цагийн дараа эхлэх гэж байна. Өмнө нь амжиж өөрийн таамаглалаа дэвшүүлэхээр үүнийг тэрлэж сууна.

За Өрнө зүгээс эхэлмой.

Эхний даваанд
Спөрс-Мэмфис
Лэйкэрс-Нью Орлеанс
Даллас-Портлэнд
Оклахама-Дэнвэр таарчээ.

Спөрс-Мэмфисийн тоглолтын хувьд уг нь улирлын дүнг (2:2) харвал их ширүүн өрсөлдөөн гарахаар байгаа юм. Тийм ч учраас Мэмфис сүүлийн тоглолтондоо албаар хожигдож байж Спөрстэй учрахаар болсон. Мэмфисийн хувьд Рүди Гэй гэмтсэн нь аз уу, эз үү. Рүди Гэй гэмтээгүй байсан бол шидэлтийн нэлээд их хувийг гүйцэтгэх нь тодорхой байсан. Гэхдээ Рүди Гэйг гэмтсэнээс хойш Мэмфис арай илүү сайн тоглоод байх шиг санагдсан. Өөрөөр хэлбэл түүнд дарагдаж байсан сайн тоглогчид авьяасаа илүү их харуулах боломж олдож байх шиг. Спөрсийн хувьд Жинобили жаахан асуудалтай байгаа. Гэхдээ бусдаар бол дажгүй. Тиймээс энэ жил Спөрс нэгийн даваагаа ямар ч байсан давна. Давахдаа нэлээн ядарч байж (6-7 удаа тоглож) давах болов уу.

Лэйкэрс-Нью Орлеансын хувьд ярих юм бараг алга дөө. Нью Орлеанс Лэйкэрсийн хувьд бэлэн хоол гэсэн үг. 4:0.

Даллас-Портлэнд: За энд харин ширүүн гал гарсан тулаан болох болов уу. Портлэндэд сүүлийн хэдэн жил хараал хүрсэн мэт байгаа ч, Брэндон Рой эргэж ирээд сэлгээний овоо тоглогчийн үүрэг гүйцэтгэж байгаа, дээр нь Жиралд Воллэсийг авсан нь маш их нэмэр болж байна. Далласын хувьд бүрэлдхүүн хэвээрээ шахуу байгаа. Даллас энэ жил дахиад л азгүйтэх мэдрэмж төрж байна. Портлэнд 6 тоглолтонд Далласыг буулгаж авах байх.

Оклахама-Дэнвэр: Миний хамгийн их анхаарч үзэх цувралын нэг бол яалт ч үгүй энэ цуврал билээ. Хоёр талаас залуу хурдан темптэй, сайн сайн нөөц тоглогчтой багууд тулсан. Дэнвэрийн хувьд үхрийн сүүлэн дээр хутгаа гэгчээр 82 дахь тоглолт дээрээ Тай Лоосон гэмтсэн нь тун тоогүй юм болсон. Оклахама болохоор төвөө айхтар бэхжүүлсэн. Пэркинсэд дэмий ч нэг жилийн 9 сая доллар төлөөгүй байх. Тиймээс хэдий би Дэнвэрийг дэмжиж байгаа ч энэ удаа Оклахамаг арай ч барахгүй байж магад гэсэн мэдрэмж төрөөд байна. Ямар ч байсан 6 тоглолтоос доошгүй тоглолт гарах байх.

Цаашаа хоёрдугаар раундад:
Спөрс-Оклахама: Оклахамагийн залуучуудын хурд ядарч туйлдсан өвгөн Спөрсчүүдийг дийлэх болов уу. 6 тоглолтод Оклахама гарч ирнэ.

Лэйкэрс-Портлэнд: Лэйкэрсийн хувьд дахиад л амар хоол таарч дээ. Лэйкэрс 4:1-ээр гарч ирэх байх.

Өрнөдийн шувтаргын тоглолт:
Лэйкэрс-Оклахама: Энэ жил Оклахама ноднингийнхоос хамаагүй дээрдсэн, Кэвин Дюрант, Вэстбрүүк хоёр улам л өссөн үү гэхээс буураагүй. Тиймээс Лэйкэрсийг 6-7 тоглолтод буулгаж авна гэж бодож байна.

Дорнодод юу болох вэ энэ зуур:
Эхний давааны дүн бараг тодорхой. Чикаго, Майами, Бостон, Орландо дөрөв гарч ирнээ.
Чикаго-Орландо: Чикаго энэ жил арай л дэндүү сайн байна. Орландо энэ жил арай л дэндүү муу байна. Үр дүн тодорхой. 4:1-ээр Чикаго дийлнэ.

Майами-Бостон: Харин энд нэлээн гал гарах байх. Бостон энэ жил хүч маш суларсан. Пэркинсээ наймаалсан. Дээр нь Шаак гэмтэлтэй. Төвдөө суларсан. Майамигийн хувьд улирлын сүүл рүү тоглолт нь сэргэсээр Бостоныг сүүлийн удаа тоглохдоо арай л дэндүү давамгай хожсон. Майами 6-7 тоглолтоор давах нь бараг тодорхой.

Дорнодын финалд Чикаго-Майами: Энд би бусад бүх хүнээс өөр бодолтой байгаа. НБА-гийн бараг бүх эксперт Чикаго-Лэйкэрсийн финал дээр бооцоогоо тавьсан байх шиг. Харин би Майами-Оклахамагийн финал дээр бооцоогоо тавьж байгаа. Энэ жил Майами түүхэндээ 2 дахь удаагаа аварга болж, ЛБЖ, Бош хоёр анхныхаа бөгжийг зүүнэ гэж миний төлгөнд бууж байна даа.

Saturday, December 25, 2010

Вож-ийн өгүүлэл дээр гарсан худал мэдэгдлүүд

Вож хэлэхдээ 1980-аад оны багууд өнөөдрийнх шиг ийм олон од нэг дор төвлөрөөгүй байсан гэжээ. Тэр үед Бостонд их гурвал гэж байсан шиг санагдагдана. Ларри Бөрд, Кэвин МакХэйл бас өөр нэг од. Лэйкэрст Мэжик Жонсон, Карим Абдал Жаббар гээд хоёр сүүпэрийн сүүпэр од нэг дор байсан санагдана.

Вожнаровский гэж нэг юм байнаа

Вожнаровскийн амнаас ЛэБроны талаар нэг өөдтэй үг гарахгүй үмхий амтай шаар юм аа. Кобиг бол үргэлж магтаастай. Яадаг юм бол. Коби нь Крисмасаар ЛэБронд хусуулж онигоо болоосой. Яхуу спортоор дүүрэн ЛэБроныг үзэн ядагчид.

Saturday, November 13, 2010

Их гурвал

Майамийн их гурвал улирлыг 5-4-өөр эхлүүлсэнд насан туршдаа ЛэБроныг үзэн ядагч Вожоос эхлээд олон хүний бах нь ханаж байх шиг байна. Гэхдээ улирал дөнгөж аравны нэгдээ л орж байна. Ингэж эхэлсэн баг болгон миардаггүй.

Аугаа Майкл Жордан анхны аваргаа авдаг жил эхний 3 тоглолтдоо дараалан хожигдож байж. Сүүлийн 20 улирлаар авч үзэхэд л 5 баг 5-4 буюу түүнээс ч муу үзүүлэлттэй эхэлсэн ч аварга болцгоосон байх юм. 2006 оны Майами Хийт гэхэд л дөнгөж 6-4-өөр эхэлсэн ч аварга болж дөнгөжээ.

Угаасаа гар нийлсэн элит багуудтай дөнгөж бүрэлдсэн шинэ баг яаж тоглох нь ойлгомжтой шүү дээ. Майамийн хожигдсон гурван баг (Нью Орлеанс, Юта, Бостон) гурвуулаа элитүүд, нийлбэр хожигдол нь одоогоор 3-хан байна. Цаг эрт байнаа дүгнэлтээ хэлэхэд. Гэхдээ Майамийн их гурвал яван чангарах нь гарцаагүй. Тэр үед Вож тэргүүтэй ЛэБрон/Майамийг үзэн ядагчид юу гэж хэлэхийг нь харцгаая.

Гэснээс саяхан Лэйкэрс муухай хусуулав аа :)

Thursday, December 31, 2009

ЛэБронд төрсөн өдрийн мэнд хүргэе!

ЛэБрон 25 хүрлээ өнөөдөр. Энэ гайхамшигтай авъяаслаг тамирчин 25 хүртлээ ихийг амжуулжээ.

Драфтын 1, НБА-гийн Оны Рүүкий, Олимпийн алт, НБА-гийн ЭМ-ВИ-ПИ болсон байх юм. 25 хүртлээ авсан оноо нь 13927 буюу НБА-гийн түүхэн дэх хамгийн өндөр оноо болжээ. Түүний араас Мэло, Коби, МакГрэйди нарын үзүүлэлт жагссан байна.

Өнөөдөр багийн анд Варэжао төрсөн өдрийн бэлгээ мэргэжлийн сагсан бөмбөгчин болсноосоо хойш анх удаа 3-аас бөмбөг оруулж барилаа. Үнэхээр гайхамшигтай! Довтолгооны 24 секунд яг дуусах гэж байхад гурвын шугамын яг араас бөмбөг хийж багтаа ялалт, ЛэБронд төрсөн өдрийн гайхамшигт бэлэг авчирлаа!

Энэ мөчийг дараах Юү-түүвийн видеоноос үзээрэй.



Шинэ оны мэнд хүргэе!

Monday, June 15, 2009

Гайхамшиг Лэйкэрст тохиолдов



Лэйкэрс 5-хан тоглолтоор Орландог буулгаж авав. Гайхамшиг. Коби тэргүүтэй Лэйкэрсчүүд энэ жил үнэхээр бусдаас давуу, хашраа харуулж түрүүллээ. Тэдний замд санасныг бодоход хэцүү даваанууд учирсан. Яо, МакГрэйдигүй Хьюстонтой 7 тоглож, Биллапсыг авснаас хойш цоо шинэ болж өөрчлөгдсөн Дэнвэртэй 6 тоглож байж финалд шалгарсан.

Финалд ч бас хэцүү сорил тулгарч байв. Лэйкэрсийн нэмэлт цагаар хожсон хоёр тоглолтод Орландо бараг л хожино алдсан. Коби анх удаа финалын ЭМ ВИ ПИ боллоо. Коби Жорданаас хойш төрсөн хамгийн агуу тоглогч болохоо харуулж чадлаа. Лэйкэрсчүүддээ болон Лэйкэрсийн бүх фэнүүдэд баяр хүргэе.

Thursday, June 4, 2009

Сүүпэрмэн Кэй Би 24-ийн эсрэг

ЛэБрон тэргүүтэй Кливлэндчүүд финаалд шалгараагүй ч Сүүпэрмэн хочит Двайт Ховард, KB24 нар үлдсэн нь финаалыг тун сонирхолтой болгож байна.

Спортын ихэнх тоймчид Лэйкэрсийг түрүүлнэ гэж ярьж байгаа ч би өөрийн энгийн ухаанаар задлан шинжилсэн таамаглалаа доор өгүүлсү:

1. Улиралд хоёр баг хоорондоо хэрхэн тоглосон бэ? Орландо Лэйкэрстэй 2 удаа тоглохдоо хоёуланд нь ялсан байна. Гэхдээ эдгээр ялалт нь тун ойрхон оноогоор буюу 3-6 онооны зөрүүтэй ялалт байна. Түүнчлэн Хүчирхэг Хулгана (Mighty Mouse) хочит Жамиер Нэлсон эдгээр тоглолтод 27, 28 оноо тус тус авч ялалтад томоохон хувь нэмэр оруулж байжээ. Жамиер Нэлсон түүнээс хойш мөрөндөө бэртэл аван, улиралд дахин тоглоогүй билээ. Тэхээр Орландо Лэйкэрсийн эсрэг улирлынх шигээ сайн тоглох эсэх нь бас бага зэрэг эргэлзээтэй болж байна. Сүүлийн үед авсан мэдээллээр бол Нэлсон финаалд тоглох чин хүсэлтэй байгаа бөгөөд баг нь ч бараг тоглуулахаар болж байна. Энэ тал дээр Орландо ямар ч байсан давуу байна.

2. Хөүмкоортын тухайд Лэйкэрс хожлоор илүү тул давамгайлах нь тодорхой.

3. Холбон тоглогчийн хувьд Фишэр плэйоффод ямар муу тоглож байгааг бүгд мэдэж байгаа буй заа. Харин Орландогийн хувьд Хүчирхэг Хулганы оронд авсан Олстон Кливлэндийн эсрэг хэрхэн сайн тоглосныг бүгд харсан. Орландод нэмэх оноо өгье дээ.

4. SG-ийн хувьд Кобиг гүйцэх SG Орландод байтугай энэ дэлхийд байхгүй. Лэйкэрс

5. Жижиг довтлогчийн хувьд Түрк Аризагийн эсрэг. Түркийн гурвын шидэлтүүд Кливлэндийг яаж будаа болгосныг үзсэн хүн бол Орландо арай илүүрхэнэ гэдэгтэй санал нэгдэх буйзаа.

6. Том довтлогч гэхүү хүчний довтлогч гэхүү мээстэн дээр Газоол, Льюис хоёрын тулаан болно. Хоёр тоглогчийн багтаа гүйцэтгэж ирсэн үүргийг нь харахаар бараг тэнцүү талдаа байна. Тэхээр үүнийг нойллоё.

7. Төв: Двайт Ховардыг зүгээр ч нэг Сүүпэрмэн гэж нэрлээгүй байхаа. Байнум урьдын Байнум шигээ тоглож чадахгүй байна. Орландо илт илүүрхэнэ.

8. Нөөц тоглогчид: Ламаар Одом, Саша Вуяжич, Жордан Фармар, Люк Волтон, Мбэнга Рэдик, Пиетрус, Гортат, Баттет, Энтони Жонсоны эсрэг. Энэ тал дээр Лэйкэрс арай илүүрхэж магад. Гэхдээ Орландогийн нөөц тоглогчид бас ч чамгүй сайн тоглолт үзүүлж ирсэн. Ялангуяа Пиетрус, Гортат хоёр маш сайн тоглож байгаа. Гэсэн ч Лэйкэрст оноог өгч байна.

9. Дасгалжуулагч: Фил Жэксон 9 бөгжтэй. Харин Стан Ван Гүнди Док Ривэрс, Майк Браун хоёрыг давсан байдаг. За за Лэйкэрс гэсэн.

Эцсийн дүн 4-4. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хооронд доод тал нь 6 тоглолт гарна гэсэн үг. Orlando in 7.

Sunday, May 31, 2009

Блогийн гашуудал

Дэнвэр, Кливлэнд багууд бүсийн финалаас гарч чадаагүйтэй холбоотой блогийн гашуудал зарлав.

Энэ хоёр баг хоёулаа 6 дахь тоглолт дээрээ хожигдсон боловч хоёр өөр сэтгэл санааны байдалтай байна.

ЛэБрон Орландогоос явахдаа юу ч дуугараагүй нь Кливлэндийн багийн удирдлага, гишүүд, дасгалжуулагчдад том дохио болж байна. Кливлэнд дүнсийж байна. ЛэБронд энэ зун л Скоттий Пиппэнийг нь олж өгөхгүй бол ЛэБрон 2010 онд өөр аварга болгоё гэсэн багууд руу явах боломж улам ихэснэ гэсэн үг.

Харин Мэлогийн хувьд тун өөдрөг бодолтой байна. Мэло багаа энэ хэвээр нь хадгалбал аваргын цом ойрхон байна гэж хэлжээ. Дэнвэрийн хувьд гол 5 тоглогч нь гэрээ дуусаагүй бөгөөд гэрээ нь дуусч байгаа Крис Андэрсэн, Дантэй Жөүнс, Энтони Картэр нарын тухайд буцаж ирмээр байгаагаа мэдэгдсэн. Дэнвэр юуны өмнө Крис Андэрсэнийг цаашид авч үлдэх сонирхолтой байгаа ажээ. Дантэй Жөүнс ч гэсэн Ди-Лигээс гарч ирсэн гэхэд гараанд гайгүй сайн тоглож, өрсөлдөгч багийнхаа тоглогчдыг нэлээд сайн зовоож чадсан. Тэхээр Дантэй ч гэсэн Дэнвэрт хэрэгтэй байгаа юм.

Энэ зун ч Дэнвэр, Кливлэндийн хөгжөөн дэмжигчдэд урт зун болох нь дээ. Жаахан гунигтай.

Saturday, May 23, 2009

Түркоглү = Эло?

ЛэБрон гайхамшгийг бүтээлээ. Өнөөдрийн Орландо-Кливлэндийн тоглолт үнэхээр гайхамшигтай өндөрлөв. Кливлэнд мөн л эхний хагаст 20 гаруй оноогоор давамгайлж яваад 2-3-р үед баригдаж, улмаар цаг дуусахад 10 гаруйхан секунд дутуу байхад оноо тэнцсэн байлаа. Орландо довтоллоо. Түркоглүг бөмбөг оруулсны дараа ганхцан секунд үлдсэн байв. Яг энэ дүр зураг их л танил санагдаж байна уу? Энэ бол 20 жилийн өмнө 1989 онд яг иймэрхүү нөхцөлд Кливлэндийн Элогийн хийсэн бөмбөгтэй адил санагдаж байна.

Дараах үйл явдал ч мөн адил үргэлжилсэн. Кливлэнд завсарлага аваад Мо бөмбөгийг хажуунаас гаргаж гурвын шугамын гадна байх ЛэБрон руу өглөө. ЛэБрон Түркоглүгийн өөдөөс жаахан хөдөлж өөртөө зай гарган шидлээ. Гайхамшиг! Бөмбөг орчихлоо! Түүх давтагдлаа. Гэхдээ энэ удаа Кливлэнд ялагч талд нь байна. Энэ бол эхлэл. Хоёр үйл явдлыг харьцуулахын тулд бичлэгүүдийг нь дор орууллаа.

2009 оны 5-р сарын 22 ЛэБроны гайхамшигт шидэлт



1989 онд Майкл Жорданы хийсэн гайхамшигт шидэлт

Friday, May 22, 2009

Биллапс чөтгөрийн зулзага

Дэнвэр Наггэтс авах ёстой ялалтаа авлаа. Тэд үнэхээр Лэйкэрсээс илүү гэдгээ талбай дээр нь тоглосон хоёр тоглолтоор харуулж чадлаа. Эхний тоглолтод хоёрхон оноогоор хожигдсон нь тэдний хэр сайн тоглосныг харуулна.

Өнөөдрийн гайхамшигт ялалтыг авчрахад Мэло их үүрэг гүйцэтгэсэн. Мэло одоо л өөрийгөө сүпэр старын зиндааны тоглогч гэдгээ мэдэж, өөртөө итгэлтэй тоглож сурчээ. Өнөөдөр Кобиг сайн хамгаалсан. Урьдны Мэло 180 хэм өөрчлөгдсөнийг энэ жилийн плэйофф тод томруун харуулж байна. Мэло гэж Лэйкэрстэй тоглохоор л гөлөг болчихдог байсан бол энэ жил үнэхээр тэс өөр байна. Эхний тоглолтод 39 оноо авсан бол хоёрдахь тоглолтод 34 оноо авснаас гадна, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Сүүлийн үед Дэнвэрийн фэнүүд Мэло Эйр Жордан өмсдөг юм чинь Найкийн сурталчилгаанд Мэлогийн хүүхэлдэйн дүрс Коби, ЛэБрон хоёртой хамт тоглох ёстой гэцгээж байна. Бүр зураг төслийг нь хүртэл гаргажээ.

Өнөөдрийн тоглолтын бас нэг баатар Линас Клэйза байлаа. Линас Лэйкэрстэй тоглохоор л тоглолт нь сэргэдэг, бусад үед нь алга болчихдог сонин гар шүү. Ноднингийн плэйоффод Линас л Лэйкэрстэй ана мана үзэж байсныг та нар санаж байгаа биз дээ? Линас энэ эрчээрээ Лэйкэрсийг нухахад томоохон үүрэг гүйцэтгэх байхаа гэж найдна. Жич: Линасын Лэйкэрстэй тоглохоор ингэж сайн тоглодгийн учир нь Линас Лэйкэрс рүү явахыг хүсдэгт байгаа юм гэж бас зарим хүн ярьж байх юм. Хэ хэ хэ.

Энэ тоглолтод гарсан нэг тохиолдлыг дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй байна. Энэ бол Биллапс Кобигийн нуруун дээр бөмбөгөө ойлгож аваад лэй-ап хийсэн явдал юм. Биллапс анх энэ залийг бүүр ахлах сургуулийн сурагч байхдаа хэрэглэсэн гэдэг. Тэр үед мань нөхөр бөмбөг хийхийн тулд бөмбөгөө шийдний доор аваачих хэрэгтэй байжээ. Энэ бол Колорадо муж улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа.

Ядаж байхад багийнх нь нэг ч хүүхэд чөлөөтэй биш байв. Цаг явсаар шүүгч нэг, хоёр, гурав гэж тоолоод л... Тав тоолчихвол дуусаа. Биллапс сандрахгүйг хичээж байв. Тэр Дэнвэр хотын түүхэнд гарсан хамгийн аугаа сагсан бөмбөгч - сурагч байсан тул зааланд пиг цугласан үзэгчид түүнийг л харах аж. Бөмбөгөө алдвал ониг. Ерөөсөө л зохион байгуулалт, төлөвлөгөөгүй байна гэдэг түүний хувьд огт тэвчишгүй зүйл. Бүр үзэн яддаг. Гэнэт түүнийг хамгаалж байсан айлын багийн хүүхэд нуруугаа түүн рүү харуулахыг ажиглаад, бөмбөгөө хамгаалагчийн нуруу руу шидэж ойлгоод, өөрөө бөмбөгөө авч хоёр гараараа даанк хийжээ. Өөрөө өөртөө оновчтой дамжуулалт өгч, өөрөө бөмбөгөө хийсэн явдал энэ ажгуу. Биллапсын эмээ Флорэнс Грэшэм гуай л ганцаараа ач хүүгийнхээ энэхүү зүггүйтлийг буруушаасан аж. Эмээ нь мань нөхөрт "өрсөлдөгчөө хүндэлж, зөв тоглож сур" гэж захьдаг байжээ.

2009 онд Биллапс эмээгийнхээ энэ захиасыг таг санажээ. Боломж тохиов. Коби нуруугаа түүн рүү харууллаа. Өөр дамжуулчих хүн даанч байсангүй. Юу бодохов. Шууд Кобигийн нуруун дээр бөмбөгөө ойлгож өөртөө оновчтой дамжуулалт өгчээ. Үзээрэй. Үнэхээр тасархай.

Коби-ЛэБроны хүүхэлдэйн клипүүд

Саяхан Найк Коби, ЛэБроны хүүхэлдэй бүхий зар сурталчилгааны клипүүд хийлгэжээ. Үнэхээр зугаатай клипүүд болсон байна.

Хэн ч зогсоож дийлэхгүй ...



Шохой гэж



Гурван бөгж

Thursday, May 21, 2009

Эхний тоглолтууд юу хэлэв?

Наггэтс-Лэйкэрсийн тоглолтын хувьд Наггэтс тоглолтын турш давуу явсан боловч төгсгөлөө хийж чадсангүй. Дээр нь торгуулийн шидэлтээ сайн гүйцэтгэж чадаагүй нь хожигдоход нь их нөлөөллөө. Дэнвэрийн энэ плэйоффод хожигдсон гурван тоглолтыг авч үзэхэд гурвууланд нь 11-12 торгуулийн шидэлт алдаж, гурвууланд нь 2-хон оноогоор хожигджээ. Тэхээр энэ талаа анхаараад жаахан сайжруулбал Лэйкэрсийг угсраа гурав хожиход ядах юмгүй мэт харагдаж байна. Жич: 1. Жэрри Вэст ЛэБроныг Кобигоос илүү болжээ гэж хэлсэн нь Кобиг хурцлаад өгсөн байж магадгүй гэлцэж байна. 2. Дасгалжуулагч Жорж Карл эцсийн мөчид тэнэг шийдвэр гаргасан. Энтони Картэрээр шийдвэрлэх дамжуулалтыг гүйцэтгүүлэх шийдвэрийг яагаад гаргасан нь одоо болтол тайлаагүй оньсого хэвээр үлджээ.

Кливлэнд-Орландогийн тоглолтоос нэг л танил зүйл харагдлаа. Юу вэ гэвэл Кливлэнд урьд жилүүдийн плэйоффод эхний хагаст сайн тоглож, гуравдахь үед миарч, дөрөвдэх үед давамгайлж чадахгүй байсаар хожигддог байсан. Яг энэ байдал давтагдаж байна. Түүнээс гадна ихэд найдлага хүлээлгэж байсан Кливлэндийн нөөц тоглогчид маш муу тоглож дөнгөж 5-хан оноо авчээ. Тэгэхэд Орландогийн нөөц тоглогчид 25 оноо авсан. Мо Виллиамс ч бас Мо Виллиамс. Дээр нь бас Дэлонтэ Вэст шийдвэрлэх үед бөмбөгөө хийж чадсангүй. Кливлэнд энэ жилийн плэйоффод анхныхаа сорилтой тулгарлаа. Үүнийгээ л давчихвал аваргын цом ч ойрхон байна даа.

Wednesday, May 20, 2009

ЛэБрон дахиад 4-0 дох уу?

Кливлэнд Кавальерс-Орландо Мэжик

1. Улирлын тоглолтуудад Орландо 2-1 харьцаатай давуу тоглолт үзүүлжээ. Гэхдээ өөр өөрсдийн талбай дээр хожицгоосон байна. Өөрөөр хэлбэл Кливлэнд өөрийнхөө талбай дээр нэг тоглохдоо Орландог хожсон бол Орландо мөн өөрийнхөө талбай дээр хоёр удаа хожжээ. Энэ тал дээр Орландо давуу гэж болно.

2. Холбон тоглогчийн хувьд Орландогийн гол холбон тоглогч Жамиэр Нэлсон гэмтэлтэй тоглохгүй байгаа бөгөөд оронд нь гараанд гарч буй Олстон тийм ч сайн тоглолт үзүүлэхгүй байгаа. Харин Кливлэндийн холбон тоглогч Мо Виллиамс багийнхаа амжилтын нэг гол хүчин зүйл болсоор ирсэн. Тэхээр Кливлэндийг давуу гэж тооцъё.

3. Shooting guard байрлал дээр Дэлонтэ Вэстийн эсрэг Коортний Лий. Энэ тал дээр аль аль нь нэг их илүү гарч шалихгүй. Тэхээр тэнцээ гэж тооцъё.

4. Довтлогчийн байрлал дээр хаан Жэймсийг гүйцэх хүн НБА даяар байхгүй. Түрэг залуу хаана нь ч хүрэхгүй. Кливлэнд

5. Завьжны довтлогч билүү power forward-ийн байрлалд Рашард Льюис Варэжаогийн эсрэг давамгайлсан тоглолт үзүүлэх магадлалтай. Орландо.

6. Төвийн тоглогчийн хувьд НБА-гийн шилдэг хамгаалан тоглогч Ховард, өөрөөсөө 3 инч өндөр Илгаускасын эсрэг тоглоно. Орландо.

7. Нөөц тоглогчдын хувьд Кливлэндэд хашир туршлагатай Биг Бэн, Шэрбяк, Саша Павлович, гурвын буу Бүүбий Гибсон бий. Илүүрхэх буйзаа. Кливлэнд

8. Кливлэндийн дасгалжуулагч Майк Браун багаа нэг удаа финалд, нэг удаа бүсийн финалд тоглуулж байсан хашир толгой. Нөгөө талын дасгалжуулагч нь Шаакын хэлснээр "пайникийн мастер" Стан Ван Гүнди шүү дээ. Кливлэнд

9. Шүүлт: НБА Коби-ЛэБроны тулааныг хүсч байх магадлалтай тул ЛэБронд илүү талтай хандаж магадгүй. Кливлэнд

10. Хөүмкоорт: Кливлэнд 1-р гарсан тул ойлгомжтой.

Ингээд арван үзүүлэлтээр дүгнэхэд 6-3-1-р Кливлэнд илт илүү байна. Миний эцсийн таамаг Кливлэнд 4-1 харьцаатай хожих болов уу гэж бодож байна.

Бүсийн финалуудын хувь заяаг зөгнөхүй: Баруун Бүс

Сүүлийн үед миний хэлсэн мэргэ төлөг их таараад зөн билигтний тулаанд үзэх дайны юм болж байнаа. За тэр ч яахав. Гол асуудалдаа оръё. Миний гарч ирнэ гэж таамагласан 4 баг гараад ирчихлээ. Эд хоорондоо хэр үзэлцэх вэ гэдгийг ажиглагчийн хувьд задлан шинжилснээ толилуулъя.

Лос-Анжэлэс Лэйкэрс - Дэнвэр Наггэтс

1. Юуны өмнө улирлын тоглолтуудад хэр тоглосныг нь үзвэл Лос-Анжэлэс Лэйкэрс 3-1 харьцаатай илт давуу хожсон. Энэ тал дээр Дэнвэрийн хувьд ярих юм үнэндээ алга. Лэйкэрс

2. Холбон тоглогчийн хувьд Дэнвэрт энэ жил Биллапсын үзүүлж буй нөлөө ямар их байгааг НБА сонирхогч хүн бүр мэдэж буй тул нуршихаа зогсъё. Энэ байрлал дээр Дэнвэр илт давуу байгаа нь харагдаж байна. Дэнвэр

3. Шиддэг хамгаалагч гэх үү, оноочин хамгаалагч гэх үү байрлал дээр Кобиг гүйцэх тоглогч НБА даяар үзээд өгье ч гэсэн олдохгүй. Шууд Лэйкэрс

4. Довтлогчийн байрлал дээр Лэйкэрсийн Ариза Мэлог яагаад ч барахгүй нь тодорхой учир Дэнвэрт оноо өгөв.

5. Завьжны довтлогч билүү power forward-ийн байрлалд По Газоол сүүлийн үед ямар мундаг тоглогч болохоо харуулж байгаа. Гэхдээ Дэнвэрийн Кэнион Мартин энэ жил ямар мундаг хамгаалан тоглож байгааг анзаарсан бол бас басч болохгүй. Лэйкэрс жаахан илүүрхэж магад.

6. Төвийн тоглогчийн хувьд харин ярих юм бий. Лэйкэрсийн олимпийн ганц найдвар Байнум энэ жил урьдын Байнум шиг тоглолт үзүүлэхгүй байна. Хамгийн сүүлийн Хьюстонтой хийсэн тоглолтод л жаахан гайгүй тоглолт үзүүлсэн. Гэсэн ч Дэнвэрийн ид сайхан тоглож байгаа, Байнумаас нуруугаар намхан Нэнэтэй зэрэгцүүлэхэд арай л дутуудах байхаа. Дэнвэрт оноо өгч байна.

7. Нөөц тоглогчдын хувьд Лэйкэрс, Дэнвэр хоёулаа шилдэг дөрвөн тоглогчийнхоо нэгийг нөөцөнд байлгадаг. Тухайлбал Одом, Ж. Р. Смит нар юм. Бусад тоглогчдыг ч гэсэн харгалзуулан оноож болно. Тухайлбал Саша Вуяжичийг Линас Клэйзатай, Жордан Фармарыг Энтони Картэртай гэхчлэн оноож болно. Дэнвэрт харин нэг шинэ хүчтэй зэвсэг ирсэн нь Крис Андэрсэн билээ. Крисийн тоглолт бүрт хийдэг олон блокшот, самбараас бөмбөг авалт Дэнвэрийн амжилтыг өөд нь татна гэж бодож байна. Ингээд Дэнвэрт оноо өгье дөө.

8. Дасгалжуулагчийн тухайд 9 хуруундаа бөгжтэй хүнтэй юу ярихав дээ. Лэйкэрс

9. Шүүлт: Лэйкэрсийн талд их дуугарах байхдаа. НБА Коби-ЛэБроны тулааныг л хүсч байна. Тиймээс шүүгчид энэ нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах буй заа.

10. Хөүмкоорт: Лэйкэрс 1-р гарсан тул ойлгомжтой.

Ингээд арван үзүүлэлтээр дүгнэхэд 6-4-р Лэйкэрс жаахан илүүрхэж байна. Гэхдээ эцсийн дүндээ Лэйкэрсийн авсан оноонуудын нэлээд нь тоглогчдоос хамаарахгүй зүйлс байгаа тул Дэнвэр Лэйкэрсийн талбай дээр 1-2 удаа хожсоноор нийт 6 тоглолтын дараа энэ жил түүхэндээ анх удаа НБА-гийн финалд шалгарах нигууртай гэж бууж байна.

Thursday, May 14, 2009

Двайт Ховардын бухимдал тэсэрсэн нь

Өнөөдөр Бостонд хожигдсоныхоо дараа Двайт Ховард ихэд бухимджээ. Аргагүй л дээ. Бухимдах шалтгаан их байна даа. Өнөөдөр сүүлийн дөрөвдүгээр үед бөмбөг Ховардаас бусад тоглогчид руу очихыг харж залхжээ. Тэгээд урамгүй тоглолтын дараа хэлсэн үг нь "Танай багт хүчээр давамгайлдаг тоглогч байна. Түүндээ давамгай байх боломжийг нь өг л дөө" гэжээ. Сүүлийн тоглолтод Орландогийн хийсэн сүүлийн 8 шидэлт оновчгүй болжээ. Яагаад Ховардад өгөхгүй тоглуулаад байнаа гэж залуу сүпэрстар бухимдсан байна. Угаасаа Стэн Ван Гүнди өмнө нь Шаакыг ид үедээ байхад ч Орландог аварга болгож чадаагүй билээ. Шаак ямар сайндаа Ван Гүндийг "Пайниканд оруулах мастер" гэж хочлох вэ дээ, сүүлд.

Ховард ч Шаакын хойноос орох юм биш биз? Энэ янзаараа бол Орландо Ховардыг алдах вий дээ. Ховард аргагүй бухимджээ. Дасгалжуулагч нь гэж нэг олхиогүй нөхөр. Дэлхийн хамгийн шилдэг төвүүдээр аварга хийж чадахгүй. Өмнө нь Шаак, одоо Ховард.

Tuesday, May 12, 2009

Дахиад л 4-0, дахиад л 10 оноогоор хожив

ЛэБрон тэргүүтэй Кливлэнд амьд үхдэл болсон Атлантаг шүүрдэж цэвэрлэв. Тэхдээ дахиад л 10 оноогоор хожлоо. НБА-гийн түүхэнд плэйоффод 8 дараалан 10-аас дээш оноогоор хожсон баг байхгүй. Миний хэлсэнчлэн фо фо фо файв болох юм биш биз? Бүсийн финалд учрах баг нь 7 тоглолтоор чүү нэг тодрох болов уу. Аль нь ч гарч ирсэн хэд хоног сайхан амарсан Кливлэндтэй тулна. Дахиад л бараг фо болж магадгүй.

Энэ жил ЛэБроныг торгоох хүч хаана ч алга байна. Баруун талын Лэйкэрс гэхэд л бүрэн бүрэлдхүүнээр тоглож байж л Яогүй, МакГрэйдигүй, Мүтомбогүй Хьюстоныг л барахгүй байна шүү дээ.

Лэйкэрс ч азгүй тахианууд юм даа. Энэ жил ЛэБронд хусуулах л байх даа.

Monday, May 11, 2009

Хүлээлт...

Дэнвэр, Кливлэнд хоёр яах бол? Дөрөв нойльдох уу яах бол? Тоглолт эхлэхэд 10 цаг дутуу байна. Кливлэнд бараг 4-0 дэх байх, харин Дэнвэр жаахан чардайх болов уу гэж бодож байна.

Гайхашруулсан өдөр

Өнөөдөр Хьюстон Лэйкэрсийг илт давуу хожиж бүгдийг гайхашруулав.
МакГрэйди байхгүй, дээр нь Яо Минь уржигдар бэртээд улирлаа дуусгасан байтал өнөөдөр Хьюстон Лэйкэрсийг бутниргэв. Брүүкс, Баттьер хоёр гайхамшигтай тоглолт үзүүлжээ. Үнэхээр amazing happens. Энэ цуврал яаж дуусах бол? Лэйкэрсийг хожно гээд таамаглаад байсан. Арай хожигдчих юм биш байгаа. Тэгвэл ч ... ккк

Sunday, May 10, 2009

Таамнал биелэх тал руугаа орж байна

Зиаг миний таамнал биелэх шинжтэй болоод явчихлаа. Лэйкэрс Хьюстоныг талбай дээр нь хожчихлоо. Дээр нь Яо Минь энэ улиралд дахин тоглохгүй боллоо. Одоо Лэйкэрс миний таамаглаж байснаас (Лэйкэрс 6 тоглоод хожно гэсэн) нэг тоглолтын наана хожих магадлалтай болж байна.

Орландо Бостоныг илт илүүрхэн хожив. Одоо хоёр хожих л дутуу байна. Миний таамаглалтай бараг л дөхөх болов уу. Бостон Двайт Ховардыг л зогсоож дийлэхгүй бол наана нь хусуулж магад.

Дэнвэрийг би 5 тоглоод хожно гэсэн чинь бас л арай илүү хэлсэн юм болов уу. Мэло сүүлийн хоромд гурваас оруулж Дэнвэр Далластай 3-0 харьцаатай боллоо. Сүүлийн шидэлтийн өмнө Далласын Райт Мэлог хоёр удаа мөргөсөн боловч шүүгч нар алдаа заагаагүйгээс болж Дэнвэр үндсэн цагтаа хожиж чаджээ. Гэхдээ би ойлгохгүй юм. Райт үнэхээр илт алдаа хийе гэж бодсон бол Мэлог шууд л тэврээд авахгүй яасан юм бол доо гэж. Тэгсэн бол шүүгч алдаа өгөх л байсан байх даа. Одоо Далласын фэнүүд хэдэн жилийн турш шүүгчдийн энэ алдааг л ярих байх даа. Ха ха ха.

Кливлэнд Атлантаг 5 тоглож хожно гэсэн бас л цаанадуулсан бололтой. Жэймс сагсан бөмбөгийн хаан болохоо дахин харуулав. Ийнхүү дараалан 10-аас дээш оноогоор хожсон плэйоффын тоглолтын тоогоороо НБА-гийн рекордыг эвдэвээ. Атланта эхний гурван үед овоо тоглолт үзүүлэх шинжтэй байсан боловч сүүлийн үед Жэймсэд үнэн дээрэлхүүллээ. Филадэлфи 76-ийн Мөүзэс Мэлөүн (нөгөө Эм Ви Пи залуудаа авсан гэгддэг) 1983 оны плэйофф эхлэхээс өмнө сурвалжлагч нар яаж тоглохыг нь асуухад "fo fo fo" гэсийм гэнэлээ. Сурвалжлагч нар сүүлд тэрийг нь "four four four" гэж тайлж уншсан гэнээ. Тэр үед плэйоффод 3 раунд тоглоод л аварга болдог байж л дээ. 4-0, 4-0, 4-0-дэнэ гэсэн юм байна л даа. Тэгээд эхний учраагаа 4-0-доод, хоёрдахь учраагаа 4-1-дээд, финалд Лэйкэрсийг 4-0-дож аварга болсон түүхтэй ажээ. Энэ жил Кливлэнд тэх шинжтэйдэг шүү. Cleveland fo fo fo five!!!

Friday, May 8, 2009

Кливлэнд аймаар байнаа....

Кливлэнд НБА-гийн түүхэнд плэйоффт 6 тоглолт дараалан 10-аас дээш оноогоор хожсон хоёрдахь баг боловоо. Өмнө нь 2004 онд Индиана тэгж байсан гэнээ. Үнэхээр хол давуу тоглолт үзүүлж байна. Атланта Кливлэндэд юу ч болохгүй нь бараг тодорхой болж байна.

Дээр нь өнөөдөр Эл Хорфорд нь байсангүй. Жой Жонсон өнөөдөр бас гэмтэл авчихав уу яав? Ерөөсөө өөдлөхгүй нь ээ энэ Атланта. Дахиад л sweep болох шинжтэй болоод явчихлаа. Хоёр багийг дараалан 4-0. Тэхдээ бүр дандаа 10-аас дээш оноогоор хожиж байх юм.

Энэ жил Кливлэндтэй өрсөлдчих баг алга уу? Таминь ээ. Эхний хагасын сүүлийн мөчид Жэймсийн 40 фүүтээс шидсэн гурвын шидэлтийг харсан л биз дээ. Тасархай.