Saturday, April 16, 2011

Миний зурхайд бууснаар...

Плэйофф ганцхан цагийн дараа эхлэх гэж байна. Өмнө нь амжиж өөрийн таамаглалаа дэвшүүлэхээр үүнийг тэрлэж сууна.

За Өрнө зүгээс эхэлмой.

Эхний даваанд
Спөрс-Мэмфис
Лэйкэрс-Нью Орлеанс
Даллас-Портлэнд
Оклахама-Дэнвэр таарчээ.

Спөрс-Мэмфисийн тоглолтын хувьд уг нь улирлын дүнг (2:2) харвал их ширүүн өрсөлдөөн гарахаар байгаа юм. Тийм ч учраас Мэмфис сүүлийн тоглолтондоо албаар хожигдож байж Спөрстэй учрахаар болсон. Мэмфисийн хувьд Рүди Гэй гэмтсэн нь аз уу, эз үү. Рүди Гэй гэмтээгүй байсан бол шидэлтийн нэлээд их хувийг гүйцэтгэх нь тодорхой байсан. Гэхдээ Рүди Гэйг гэмтсэнээс хойш Мэмфис арай илүү сайн тоглоод байх шиг санагдсан. Өөрөөр хэлбэл түүнд дарагдаж байсан сайн тоглогчид авьяасаа илүү их харуулах боломж олдож байх шиг. Спөрсийн хувьд Жинобили жаахан асуудалтай байгаа. Гэхдээ бусдаар бол дажгүй. Тиймээс энэ жил Спөрс нэгийн даваагаа ямар ч байсан давна. Давахдаа нэлээн ядарч байж (6-7 удаа тоглож) давах болов уу.

Лэйкэрс-Нью Орлеансын хувьд ярих юм бараг алга дөө. Нью Орлеанс Лэйкэрсийн хувьд бэлэн хоол гэсэн үг. 4:0.

Даллас-Портлэнд: За энд харин ширүүн гал гарсан тулаан болох болов уу. Портлэндэд сүүлийн хэдэн жил хараал хүрсэн мэт байгаа ч, Брэндон Рой эргэж ирээд сэлгээний овоо тоглогчийн үүрэг гүйцэтгэж байгаа, дээр нь Жиралд Воллэсийг авсан нь маш их нэмэр болж байна. Далласын хувьд бүрэлдхүүн хэвээрээ шахуу байгаа. Даллас энэ жил дахиад л азгүйтэх мэдрэмж төрж байна. Портлэнд 6 тоглолтонд Далласыг буулгаж авах байх.

Оклахама-Дэнвэр: Миний хамгийн их анхаарч үзэх цувралын нэг бол яалт ч үгүй энэ цуврал билээ. Хоёр талаас залуу хурдан темптэй, сайн сайн нөөц тоглогчтой багууд тулсан. Дэнвэрийн хувьд үхрийн сүүлэн дээр хутгаа гэгчээр 82 дахь тоглолт дээрээ Тай Лоосон гэмтсэн нь тун тоогүй юм болсон. Оклахама болохоор төвөө айхтар бэхжүүлсэн. Пэркинсэд дэмий ч нэг жилийн 9 сая доллар төлөөгүй байх. Тиймээс хэдий би Дэнвэрийг дэмжиж байгаа ч энэ удаа Оклахамаг арай ч барахгүй байж магад гэсэн мэдрэмж төрөөд байна. Ямар ч байсан 6 тоглолтоос доошгүй тоглолт гарах байх.

Цаашаа хоёрдугаар раундад:
Спөрс-Оклахама: Оклахамагийн залуучуудын хурд ядарч туйлдсан өвгөн Спөрсчүүдийг дийлэх болов уу. 6 тоглолтод Оклахама гарч ирнэ.

Лэйкэрс-Портлэнд: Лэйкэрсийн хувьд дахиад л амар хоол таарч дээ. Лэйкэрс 4:1-ээр гарч ирэх байх.

Өрнөдийн шувтаргын тоглолт:
Лэйкэрс-Оклахама: Энэ жил Оклахама ноднингийнхоос хамаагүй дээрдсэн, Кэвин Дюрант, Вэстбрүүк хоёр улам л өссөн үү гэхээс буураагүй. Тиймээс Лэйкэрсийг 6-7 тоглолтод буулгаж авна гэж бодож байна.

Дорнодод юу болох вэ энэ зуур:
Эхний давааны дүн бараг тодорхой. Чикаго, Майами, Бостон, Орландо дөрөв гарч ирнээ.
Чикаго-Орландо: Чикаго энэ жил арай л дэндүү сайн байна. Орландо энэ жил арай л дэндүү муу байна. Үр дүн тодорхой. 4:1-ээр Чикаго дийлнэ.

Майами-Бостон: Харин энд нэлээн гал гарах байх. Бостон энэ жил хүч маш суларсан. Пэркинсээ наймаалсан. Дээр нь Шаак гэмтэлтэй. Төвдөө суларсан. Майамигийн хувьд улирлын сүүл рүү тоглолт нь сэргэсээр Бостоныг сүүлийн удаа тоглохдоо арай л дэндүү давамгай хожсон. Майами 6-7 тоглолтоор давах нь бараг тодорхой.

Дорнодын финалд Чикаго-Майами: Энд би бусад бүх хүнээс өөр бодолтой байгаа. НБА-гийн бараг бүх эксперт Чикаго-Лэйкэрсийн финал дээр бооцоогоо тавьсан байх шиг. Харин би Майами-Оклахамагийн финал дээр бооцоогоо тавьж байгаа. Энэ жил Майами түүхэндээ 2 дахь удаагаа аварга болж, ЛБЖ, Бош хоёр анхныхаа бөгжийг зүүнэ гэж миний төлгөнд бууж байна даа.

1 comment:

baterdene said...

Сайхан бичжээ :) Сүүлийн ганц хоёр тоглолтонд бэртэл гэмтэл ямар их байваа. Байнум, Жинобили, Тай лавсон гээд л. Харамсмаар юм аа.

Би ч гэсэн өөрийн таамаглалаа дэвшүүлээд эхэлчихлээ.

http://freedom-forge.blogspot.com/2011/04/1.html