Friday, May 22, 2009

Биллапс чөтгөрийн зулзага

Дэнвэр Наггэтс авах ёстой ялалтаа авлаа. Тэд үнэхээр Лэйкэрсээс илүү гэдгээ талбай дээр нь тоглосон хоёр тоглолтоор харуулж чадлаа. Эхний тоглолтод хоёрхон оноогоор хожигдсон нь тэдний хэр сайн тоглосныг харуулна.

Өнөөдрийн гайхамшигт ялалтыг авчрахад Мэло их үүрэг гүйцэтгэсэн. Мэло одоо л өөрийгөө сүпэр старын зиндааны тоглогч гэдгээ мэдэж, өөртөө итгэлтэй тоглож сурчээ. Өнөөдөр Кобиг сайн хамгаалсан. Урьдны Мэло 180 хэм өөрчлөгдсөнийг энэ жилийн плэйофф тод томруун харуулж байна. Мэло гэж Лэйкэрстэй тоглохоор л гөлөг болчихдог байсан бол энэ жил үнэхээр тэс өөр байна. Эхний тоглолтод 39 оноо авсан бол хоёрдахь тоглолтод 34 оноо авснаас гадна, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Сүүлийн үед Дэнвэрийн фэнүүд Мэло Эйр Жордан өмсдөг юм чинь Найкийн сурталчилгаанд Мэлогийн хүүхэлдэйн дүрс Коби, ЛэБрон хоёртой хамт тоглох ёстой гэцгээж байна. Бүр зураг төслийг нь хүртэл гаргажээ.

Өнөөдрийн тоглолтын бас нэг баатар Линас Клэйза байлаа. Линас Лэйкэрстэй тоглохоор л тоглолт нь сэргэдэг, бусад үед нь алга болчихдог сонин гар шүү. Ноднингийн плэйоффод Линас л Лэйкэрстэй ана мана үзэж байсныг та нар санаж байгаа биз дээ? Линас энэ эрчээрээ Лэйкэрсийг нухахад томоохон үүрэг гүйцэтгэх байхаа гэж найдна. Жич: Линасын Лэйкэрстэй тоглохоор ингэж сайн тоглодгийн учир нь Линас Лэйкэрс рүү явахыг хүсдэгт байгаа юм гэж бас зарим хүн ярьж байх юм. Хэ хэ хэ.

Энэ тоглолтод гарсан нэг тохиолдлыг дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй байна. Энэ бол Биллапс Кобигийн нуруун дээр бөмбөгөө ойлгож аваад лэй-ап хийсэн явдал юм. Биллапс анх энэ залийг бүүр ахлах сургуулийн сурагч байхдаа хэрэглэсэн гэдэг. Тэр үед мань нөхөр бөмбөг хийхийн тулд бөмбөгөө шийдний доор аваачих хэрэгтэй байжээ. Энэ бол Колорадо муж улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа.

Ядаж байхад багийнх нь нэг ч хүүхэд чөлөөтэй биш байв. Цаг явсаар шүүгч нэг, хоёр, гурав гэж тоолоод л... Тав тоолчихвол дуусаа. Биллапс сандрахгүйг хичээж байв. Тэр Дэнвэр хотын түүхэнд гарсан хамгийн аугаа сагсан бөмбөгч - сурагч байсан тул зааланд пиг цугласан үзэгчид түүнийг л харах аж. Бөмбөгөө алдвал ониг. Ерөөсөө л зохион байгуулалт, төлөвлөгөөгүй байна гэдэг түүний хувьд огт тэвчишгүй зүйл. Бүр үзэн яддаг. Гэнэт түүнийг хамгаалж байсан айлын багийн хүүхэд нуруугаа түүн рүү харуулахыг ажиглаад, бөмбөгөө хамгаалагчийн нуруу руу шидэж ойлгоод, өөрөө бөмбөгөө авч хоёр гараараа даанк хийжээ. Өөрөө өөртөө оновчтой дамжуулалт өгч, өөрөө бөмбөгөө хийсэн явдал энэ ажгуу. Биллапсын эмээ Флорэнс Грэшэм гуай л ганцаараа ач хүүгийнхээ энэхүү зүггүйтлийг буруушаасан аж. Эмээ нь мань нөхөрт "өрсөлдөгчөө хүндэлж, зөв тоглож сур" гэж захьдаг байжээ.

2009 онд Биллапс эмээгийнхээ энэ захиасыг таг санажээ. Боломж тохиов. Коби нуруугаа түүн рүү харууллаа. Өөр дамжуулчих хүн даанч байсангүй. Юу бодохов. Шууд Кобигийн нуруун дээр бөмбөгөө ойлгож өөртөө оновчтой дамжуулалт өгчээ. Үзээрэй. Үнэхээр тасархай.

No comments: