Wednesday, April 23, 2008

Шинэ супер од төрж байна. Түүнийг Крис По гэдэг

Түүнийг Крис По, бас CP3 ч гэдэг. Сагсчид дундаа намханд тооцогдох энэ жоохоон залуу супер одын зиндаанд хүрсэнээ азгүй Далласчуудад харуулж байна. Өчнөөн удаа плэйоффт тоглосон хашир туршлагатай Далласыг хоёр дараалж ялна гэдэг ямар ч багт хэцүүхэн даваа. Гэсэн ч Крис По ба түүний нөхөд үүнийг чадлаа.

Крис Пог барих хүн үзээд өгье гэсэн ч Далласт олдохгүй байна. Жэйсон Кидд ч зайлуул хөгширч дээ. Одоо ч нэг их удахгүй зодгоо тайлах цаг болсон байна. Өнөөдрийн тоглолтод Дөрк Новицки хүртэл Киддэд туслахаар гурвын шугам руу ухасхийж байв.

Гэсэн ч нэмэргүй. CP3 тэдний дундуур зүсээд л, эсвэл хуураад л орчихож байна. Бараг Далласынхны каадрыг зогсоож байгаад тоглочихсон юм биш үү. Өнөөдөр нийт 32 оноо, 17 оновчтой дамжуулалт хийж, оновчтой дамжуулалтаар өөрийн клубын плэйоффын рекордыг эвджээ. Өмнө нь бүүр 1993 онд Маггзи Богс гэгч нөхөр 15 удаа оновчтой дамжуулж байсан байх юм.

Дасгалжуулагч Байрон Скотт нь манай Крис ч лигдээ тэргүүлэх пойнтгаард боллоо доо, ур чадвараараа шал өөр түвшинд хүрчээ гэж бахдан дуу алдаж байна.

Нью-Орлеанз Катрийна матрийна гээд өчнөөн юм туулж байж гайгүй баг болчихоод 2010 онд Крисээ Нью-Йорк Никст алдчихвал ч ёстой харамсаад барахгүй юм болно доо. Тэр үед Крис, Жэймс хоёрыг авна даа гээд Никсийнхэн тоочиглоод байна гэж цуурцгааж байна, цаагуур чинь.

За, ямар ч байсан Крис По Далластай тоглосон эхний хоёр тоглолтдоо (35-10, 32-17) гайхамшигтай амжилт үзүүлж супер-од болсноо нэгэнтээ харуулж чадлаа. Түүний дэргэд Далласын хоёр ч бүх-од, ялангуяа Кидд зүгээр байдаг л нэг гарууд шиг харагдаж байв.

ЛеБрон эр хүн

ЛеБрон Жэймс ямар ч байсан гонгиносонгүй эр хүн шиг байж, нэгдүгээр тоглолтондоо ялалт байгууллаа. Вашингтон Визардс-ын тоглогчид мань эрийг уул нь арай л дэндүүлсэн л дээ. Кливленд Кавалиерсийн хожсон энэ тоглолтод өрсөлдөгч багийнхан нь бүгд л Кинг Жэймс рүү дайрч, бараг бүгд нэг нэг монжиж авсан. Эхлээд Андрэй Блачэ Жэймсийн нүүрэн дундуур буулгаад авдаг байнашдээ. Тэгээд л эхэлсэн дээ. Гар, хөлөөрөө цохиод л, цавчаад л... Нэг удаа Брэндан Хэйвүүд Жэймсийг унагачихаад бүүр давраад дээр нь таахалзан зогсоод байхаар нь Жэймс босч ирж шөргөөцөлдөөд авсан гэжугаа. Ингээд мань хоёр хоёулаа техник авах болзлоо хангаад байжийтал Вашингтоны Жамисон сандарч гүйж ирээд бас техник авчихсан. Кливлендийн Биг Бен, Биг Зи хоёр харин арайчүү амьсгаадсаар сүүлд ирсэн чинь шүүгч нь техникээ харамлаад новширсон гэжугаа.

Гэсэн ч НБА-г оноогоор тэргүүлэгч Жэймс ямар ч байсан 32 оноо авч, сүүлийн минут хагасын хугацаанд 2 бөмбөг хийсэн нь Визардсыг бүрмөсөн бутниргэлээ.

Визардс сүүлийн гурван жилийн турш Кливлендтэй плэйоффын эхний үед таарчихаад байгаа юм. Ноднин, уржнан хоёр Визардс хусуулаагүй юү тэгээд.

Жэймс өчнөөн төчнөөн монжуулснаа юман чинээ бодохгүй "Өө яахав. Хэд цохиулахад яахав дээ. Жэймс дээр алдаа гаргах нь зүгээр алдаанаас шаал өөр. Намайг бүүр шалчийлгах зорилготой алдаа хийдэг л дээ. Гэхдээ би юу гээд л тэдний бахыг хангахав дээ" гэж байгаамдаа.

Цааш нь “Би юм санаад байдаг хөгийн эр биш л дээ. Яахав хүн бүр намайг гэмтээх гэдэг. Миний эсрэг аль болох л айхтар алдаа хийдэг л дээ. Үүнийг нь би мэддэг. Гол нь би өөрийгөө л хамгаалах ёстой” гэсэн нь түүний үнэхээр плэйоффын хат суусан чанга эр болохыг нь харуулж байна.

Хоёрдахь тоглолт маргааш өглөө болно. Халуухан ч юм болно доо. Вашингтон Кливлендийн талбай дээр нэг хожиж авахгүй бол ноднин, уржнангийнх шиг л юм болох шинжтэйдэг шүү.

Коби Лос Анжелестаа жаргалтай

Сүүлийн хэд хоног Коби шиг жаргалтай хүн алга байх шиг байна. Даваа гарагт Коби сурвалжлагч нарыг дуудаж уулзаад ямар жаргалтай байгаагаа хуучилжээ. Ердөө л жил хүрэхгүй хугацааны өмнө машины зогсоол дээр есөн жорын юм ярьж, намайг худалдаад өгөөчээ хэмээн гуйж байсан Коби одоо сахиулсан тэнгэрүүдийн хотдоо туйлын хайртай болчихож. Коби сэтгүүлчдийн өмнө суучихаад “Би Лос Анжелесийнхаа агаарт хайртай, би 63 оны оройгүй Импаладаа хайртай, би 405-р замд хайртай, би багийнхаа нөхдөд хайртай” гээд зогсохгүй зодгоо тайлан тайлтал Лэйкерстээ л тоглоно гэчихжээ.

Өнгөрсөн зун Капчакийг тэнэг мангараар нь дуудаж, F дүн тавьж байсан Коби одоо дүнгээ засч A+ тавихад болохгүй юм алга гэжээ. Ингэхдээ өнгөрсөн хэдэн драфтаар хэдэн шижигнэсэн залуу авсан, энэ жил бас Ариза, Газоол хоёрыг наймаагаар авсан зэрэг гавъяаг нь үнэлсэн бололтой. Тэхдээ бас би л ер нь тэгж пижигнүүлээгүй бол өдийд зогсонги байх байсан гэж өөрийгөө хөөрхөн дөвийлгөөд авчээ. Капчак өөрийг нь гуйхад шууд зарчихаагүйд их баярласнаа бас хэлсэн байна. Лэйкерс 4 жилийн турш ямар ч олигтой амжилт гаргалгүй явсаар ирсэн нь мань эрийн цөхрөнгийг барсан учраас л өөрийгөө зарчихаач гэж гуйсан, харин энэ жил ёстой тасархай байнаа гэж Коби инээд алдан ярьж суух юм. Дараа жил Коби гэрээгээ цуцлах боломжтой боловч тэр талаар ерөөсөө бодоогүй, Лос Анжелесдаа л үлдэнэ гэжээ.

Лэйкерс энэ жил аварга болж чадахгүй бол дараа жил баталгаатай аварга болох нь ойлгомжтой. Гарааны тав нь Байнум, Газоол, Одом, Коби, Фишер, нөөцөнд Вуячич, Фармар, Туриаф, Ариза, Радманович байна гээд л бод л доо.
Үнэхээр тасархай. ЛАЛ ямар ч байсан плэйоффоо олон хүний бодож байсанчлан хожиж эхэллээ. Цаана нь арван тавхан хожчихвол ч аваргын бөгж авлаа даа авлаа.

Коби жаргалтай байна. Кобиг дагаад би ч жаргалтай...

Денверт найдлага байна уу?

Жорж Карл гэдэг дуракийг яая даа байз гэж Денверийн хөгжөөн дэмжигчид үгээ хэлж байх шиг байнаа. Нөгөө дурак нь яахавдээ Ж.Р.Смитийг хавчдагаараа хавчиж, цөөн минут өгсөн болоод харин тэр нэг үлгэн салган Энтони Картерээ хичнээн ч минут тоглуулдаг юм дээ. Нөгөөдөх нь ч гэж унхиагүй амьтан. Надад бөмбөг битгий өгөөсэй, надад л бөмбөг битгий өгөөсэй гэсэн шинжтэй нүд нь бүлтэлзээд л гүйгээд байна. За тэр Маркус Кэмби гэж ашиггүй гонзгой нэг ширхэг байнаа. Газоолыг хаагаарай гэсэн чинь Газоолыг сул тавиарай гээд ойлгосон юмшиг байгаан. Газоол нь 36 оноо, 16 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт, 3 блог бишээ блокшоттой эхний тоглолтыг дуусгасан байгаамдаа. Газоол 8 дамжуулалт хийгээд байхдаа яахавдээ. Ямар Крис По, Дерон Виллиамс, Стийв Нэш нар шиг пойнтгаард биш дээ. За тэгээд Денверийн бас нэг гай нь нөгөө согтуугаар машин жолооддог, хар тамхи халаасалж явдаг, золбин хэдэн харын дууны клипэнд цохиж явсан эрх банди Кармело Энтони (товчхон нэр нь Мело) ёстой нэг амиатаж өгчээ. Өчнөөн шидээд (26 удаа) дөнгөж 11-ийг нь оруулсан байгаамдаа. Айверсон ч гэж Айверсон, таарсан таар шуудай. 13 удаа чөлөөт шидэлт гүйцэтгээд дөнгөж 7-г нь оруулж байгаа хүнийг яах вэ? За за ерөнхийд нь нэг дүгнээд хэлэхэд энэ Денвер гаагуу тоглодог Смитээ хавчиж барилгүй гарааны тавд гаргаад, Энтони Картер ч гэлүү нөгөө нөхрийг замений суудалд бат гэгч нь суулгаад, "амиа тоглолтууд" гаргахгүй байвал яахав Лэйкерсийг нэг хоёр хожиж болох л юм. Гэхдээ ч найдлагагүй дээ. Лэйкерс бараг л 4-0-оор л хусна дөө. Харж л байгаарай.