Wednesday, May 20, 2009

Бүсийн финалуудын хувь заяаг зөгнөхүй: Баруун Бүс

Сүүлийн үед миний хэлсэн мэргэ төлөг их таараад зөн билигтний тулаанд үзэх дайны юм болж байнаа. За тэр ч яахав. Гол асуудалдаа оръё. Миний гарч ирнэ гэж таамагласан 4 баг гараад ирчихлээ. Эд хоорондоо хэр үзэлцэх вэ гэдгийг ажиглагчийн хувьд задлан шинжилснээ толилуулъя.

Лос-Анжэлэс Лэйкэрс - Дэнвэр Наггэтс

1. Юуны өмнө улирлын тоглолтуудад хэр тоглосныг нь үзвэл Лос-Анжэлэс Лэйкэрс 3-1 харьцаатай илт давуу хожсон. Энэ тал дээр Дэнвэрийн хувьд ярих юм үнэндээ алга. Лэйкэрс

2. Холбон тоглогчийн хувьд Дэнвэрт энэ жил Биллапсын үзүүлж буй нөлөө ямар их байгааг НБА сонирхогч хүн бүр мэдэж буй тул нуршихаа зогсъё. Энэ байрлал дээр Дэнвэр илт давуу байгаа нь харагдаж байна. Дэнвэр

3. Шиддэг хамгаалагч гэх үү, оноочин хамгаалагч гэх үү байрлал дээр Кобиг гүйцэх тоглогч НБА даяар үзээд өгье ч гэсэн олдохгүй. Шууд Лэйкэрс

4. Довтлогчийн байрлал дээр Лэйкэрсийн Ариза Мэлог яагаад ч барахгүй нь тодорхой учир Дэнвэрт оноо өгөв.

5. Завьжны довтлогч билүү power forward-ийн байрлалд По Газоол сүүлийн үед ямар мундаг тоглогч болохоо харуулж байгаа. Гэхдээ Дэнвэрийн Кэнион Мартин энэ жил ямар мундаг хамгаалан тоглож байгааг анзаарсан бол бас басч болохгүй. Лэйкэрс жаахан илүүрхэж магад.

6. Төвийн тоглогчийн хувьд харин ярих юм бий. Лэйкэрсийн олимпийн ганц найдвар Байнум энэ жил урьдын Байнум шиг тоглолт үзүүлэхгүй байна. Хамгийн сүүлийн Хьюстонтой хийсэн тоглолтод л жаахан гайгүй тоглолт үзүүлсэн. Гэсэн ч Дэнвэрийн ид сайхан тоглож байгаа, Байнумаас нуруугаар намхан Нэнэтэй зэрэгцүүлэхэд арай л дутуудах байхаа. Дэнвэрт оноо өгч байна.

7. Нөөц тоглогчдын хувьд Лэйкэрс, Дэнвэр хоёулаа шилдэг дөрвөн тоглогчийнхоо нэгийг нөөцөнд байлгадаг. Тухайлбал Одом, Ж. Р. Смит нар юм. Бусад тоглогчдыг ч гэсэн харгалзуулан оноож болно. Тухайлбал Саша Вуяжичийг Линас Клэйзатай, Жордан Фармарыг Энтони Картэртай гэхчлэн оноож болно. Дэнвэрт харин нэг шинэ хүчтэй зэвсэг ирсэн нь Крис Андэрсэн билээ. Крисийн тоглолт бүрт хийдэг олон блокшот, самбараас бөмбөг авалт Дэнвэрийн амжилтыг өөд нь татна гэж бодож байна. Ингээд Дэнвэрт оноо өгье дөө.

8. Дасгалжуулагчийн тухайд 9 хуруундаа бөгжтэй хүнтэй юу ярихав дээ. Лэйкэрс

9. Шүүлт: Лэйкэрсийн талд их дуугарах байхдаа. НБА Коби-ЛэБроны тулааныг л хүсч байна. Тиймээс шүүгчид энэ нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах буй заа.

10. Хөүмкоорт: Лэйкэрс 1-р гарсан тул ойлгомжтой.

Ингээд арван үзүүлэлтээр дүгнэхэд 6-4-р Лэйкэрс жаахан илүүрхэж байна. Гэхдээ эцсийн дүндээ Лэйкэрсийн авсан оноонуудын нэлээд нь тоглогчдоос хамаарахгүй зүйлс байгаа тул Дэнвэр Лэйкэрсийн талбай дээр 1-2 удаа хожсоноор нийт 6 тоглолтын дараа энэ жил түүхэндээ анх удаа НБА-гийн финалд шалгарах нигууртай гэж бууж байна.

2 comments:

baterdene said...

No шүү. Денвер барахгүй ээ. Өрсөлдөгч нь Коби шүү дээ. Одоо тоглож байгаа дэлхийн хамгийн сайн сагсан бөмбөгчийн эсрэг юу хийж чадах вэ?

Эхний тоглолтын хувьд бол аймар өрсөлдөөнтэй тоглолт болсон. Денвер урьдын денвэрээс өөрчлөгдсөн нь харагдаж байна лээ. Гэхдээ энэ тоглолтонд Ариза сүүлийн мөчид бөмбөг таслаад X-Factor болсон л доо. Дэндүү гоё, дэндүү ширүүн тоглолтын гэрч болсондоо баяртай байгаа. Сагсан бөмбөг гэж энэ юм шүү дээ.

Witness said...

Нээрээ НБА-гийн домог болсон Жэрри Вэст өчигдөр "ЛэБрон Кобиг давж гарчээ" гэсэн байналээ. ЛэБрон тэхээр дэлхийн шилдэг сагсан бөмбөгч болжээ гэсэн үг, Кобиг драфталж байсан Жэрригийн бодлоор. Дэнвэр торгуулиа сайн шидсэн бол хожих байсан даа, уг нь. 12 торгуулийн шидэлт алдсан байна лээ.