Sunday, May 3, 2009

Бүсийн шигшээд хэн хэн шалгарах вэ

Өрнөд бүсийн хагас шигшээд тэмцэлдэх багууд тодорсон, Дорнод бүсээс Майами-Атлантагаас бусад нь тодорсон өнөөдрийн байдлаар бүсийн шигшээд тодрох багийг шинжсэн таамаглалаа дэвшүүлье.

Өрнөд бүс

Өрнөд бүсээс Дэнвэр-Даллас, Лэйкэрс-Хьюстон хоорондоо тоглоно.

Дэнвэр Наггэтс-Даллас Маврикс

1. Дэнвэр улирлын тоглолтууддаа Далластай 4 тоглож 4 хожсон. Гэхдээ 3 удаа нь дөнгөж 2-3 оноогоор хожсон. Улирлын тоглолтын үзүүлэлтээр Дэнвэр давуу байна.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Чоонси Биллапсыг Жэйсон Киддтэй харьцуулахад арай л илүүрхэхээр байна. Үүнээс гадна Дантэй Жөүнс сүүлийн тоглолтуудад тоглолт нь эрс сэргэж ирснийг бас тооцох хэрэгтэй. Тэхээр энд Дэнвэр давуу талтай байна.

3. Урд талын тоглогчид буюу frontcourt-ийг нь харьцуулбал Нэнэ, Мэло, Кэнён Мартин нар Новицки, Жош Ховард, Дампер нарыг гаргаахгүй гэж тооцож байна. Тэхээр Дэнвэр мөн л давуу байна.

4. Дасгалжуулагчийн хувьд Жорж Карл Рик Карлайл нарын туршлага, чадвар бараг л тэнцүү гэхэд болно доо.

5. Сэлгээний тоглогчдыг нь харьцуулбал, Жэй. Р. Смит, Крис Андэрсэн хоёр энэ улиралд ямар тоглолт үзүүлж байгааг харсан буй заа. Энэ хоёр Далласын Тэрри, Бареа тэргүүтэй бээнчийг дагуулахгүй тоглоно гэж бодож байна. Энэ үзүүлэлтээр би Дэнвэрт оноо өгч байна.

6. Эцсийн бөгөөд чухал хүчин зүйл бол хөүмкоорт буюу талбай дээрээ илүү тоглох эрх. Үүгээрээ хоёроор гарсан Дэнвэр мэдээж илүү.

Энэ бүгдээс үзэхэд Дэнвэр 5 тоглолтоор Далласыг ялах магадлалтай. Denver in 5.

Лос-Анжэлэс Лэйкэрс-Хьюстон Рокэтс

1. Лэйкэрс улирлын тоглолтууддаа Хьюстонтой 4 тоглож 4 удаа илт давуу хожсон. Лэйкэрс.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал туршлагаар ч, чадвараар ч Лэйкэрс хамаагүй давуу. (Коби, Фишэр vs Рон Артэст, Аарон Брүүкс)

3. Харин урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд Хьюстонд НБА-гийн хамгийн өндөр чадварлаг төв Яо Минь, уран бөгөөд яс тоглолттой Луйс Скола нар байгааг мартаж болохгүй. Эдний эсрэг пайниканд орсон Байнум, зөөлөн тоглолттой По Газоол нар байна. Баттьер, Ариза хоёр дүндээ дүн тул дурдсангүй. Тэхээр энд л Хьюстон жаахан Лэйкэрсийн амийг чангаах байх даа.

4. Дасгалжуулагчийн хувьд Фил Жэксон, Рик Адэлман нар олон жил Өрнөд бүсэд хоорондоо тулгарч байсан хоёр. Хоёулаа хашир туршлагатай. Гэхдээ Филийн хуруунд хэдэн бөгж байдаг билээ дээ. Энэ тал дээр Лэйкэрс илүү.

5. Сэлгээний тоглогчдоор Лэйкэрс хамгийн хүчтэй багуудын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа. Хьюстоноос ганц хоёр л гайгүй сэлгээний тоглогч бий. Карл Ландри, Вэйфэр хоёр л юм даа. Бусад нь ч мэдэхгүй ээ. Харин Лэйкэрст Оодом, Фармар, машин хочит Вуяжич нар байгаа. Лэйкэрс илүү илүү.

6. Хөүмкоортоор нэгээр гарсан Лэйкэрс мэдээж илүү.

Ингээд Лэйкэрс 6 тоглолтоор л Хьюстонийг амралтанд нь явуулж дөнгөх байх. Lakers in 6.

Дорнод бүс

Бостон-Орландо хоёр тоглох нь тодорхой болсон. Харин Кавальерсийн хувьд Майами-Атлантагийн аль хожсонтой тоглоно.

Бостон Сэлтикс-Орландо Мэжик


1. Бостон улирлын тоглолтууддаа Орландотой 4 тоглож 2 хожиж, 2 хожигдсон. Сүүлийн хоёр тоглолтод Орландо хожсоныг харгалзвал Орландо арай илүү.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Рэй Аллэн, Ражон Рондо хоёр Коортний Лий, Алстон хоёроос илт давуу. Бостон илүү.

3. Харин урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд Орландод НБА-гийн хамгийн хүчирхэг төв, НБА-гийн оны хамгаалан тоглогч Дуайт Ховард, НБА-гийн хамгийн хашир туршлагатай довтлогчдын нэг Рашард Льюис, гурваас ч сайн шиддэг довтлогч Туркоглу нар байхад нөгөө талын цөм болсон тоглогч Гарнэтт гэмтэлтэй учир тоглохгүй, Пол Пийрс, Пэркинс, Биг Бэби нар л гараанд гарна. Энэ талаар Орландо илүүрхэнэ гэж тооцож байна.

4. Дасгалжуулагчийн хувьд Док Ривэрс Стан Ван Гундиг бодвол аварга болж үзсэн. Стан Ван Гундигийн дасгалжуулсан баг эсрэгээр плэйоффод ерөөсөө олигтой явж өгдөггүй. Док Ривэрсэд оноо өгнөө.

5. Сэлгээний тоглогчдоор Бостон туршлагатай "хөлсний цэргүүд" олноор (Ээдди Хауз, Стивэн Марбөри г.м.) авсан тул Орландогоос илүү гарна.

6. Хөүмкоортоор хоёроор гарсан Бостон, гурваар гарсан Орландогоос илүү.

Энэ үзүүлэлтүүдийг харвал Бостон 4-2-оор илүү байгаа ч гэсэн, би Чикаготой 7 тоглохдоо 7 нэмэлт цаг сунгаж үхтлээ тамирдсан, Гарнэттээ алдаж сүнсгүй болсон Бостон 7 тоглолтын дараа хожигдоно гэж тооцоолж байна. Orlando in 7.

Кливлэнд Кавальерс - ?


Одоохондоо нөгөө баг нь тодроогүй байна. Гэхдээ урьдчилан хоёр хувилбараар таамаглалаа хийе.

Кливлэнд-Майами

1. Кливлэнд улирлын тоглолтууддаа Майамитай 4 тоглож 3 хожиж, 1 хожигдсон. Кливлэнд мэдээж илүү.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Майамид супэрстар Дуэйн Вэйд байгаа ч, нөгөө тоглогч нь шинэков Чалмэрс юм. Харин Кливлэндэд оноочин Мо Виллиамс, дайчин зоригтой Вэст хоёр бий. Энэ тал дээр Майами жаахан илүүрхэнэ.

3. Урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд Кливлэндэд энэ гарагийн хамгийн хүчирхэг, хамгийн супер, хамгийн хамгийн тоглогч Жэймс Лэброн бий. Дээр нь Илгаускас хэмээх 7 фүүт 3 инч аварга цамхагийг нэмээд тооцвол Кливлэндийн фронткоорт Жэрмэйн О'Нийл, Хаслэм тэргүүтэй нөгөө талын фронткоортоос хамаагүй давуу.

4. Дасгалжуулагчийн хувьд ойлгомжтой. Рүүкий дасгалжуулагч Спөстрагийн эсрэг НБА-гийн финалд нэг удаа, бүсийн хагас шигшээд нэг удаа багаа тоглуулж байсан Майк Браун өрсөлдөнө. Кливлэнд илүү.

5. Сэлгээний тоглогчдын хувьд Кливлэндэд мөн туршлагатай тамирчид (Жөү Смит, Волли Шэрбяк, Саша Павлович) + гурвын буу Бүүбий хочит Жибсон бий. Харин Майамид Жамарио Мүүнийг эс тооцвол дан шинэковууд. Кливлэнд илүүрхэнэ.

6. Хөүмкоортоор нэгээр гарсан Кливлэнд мэдээж илүү.

Энэ үзүүлэлтүүдийг харвал Кливлэнд 5 тоглолтоор хожих болов уу. Cleveland in 5.

Кливлэнд-Атланта

1. Кливлэнд улирлын тоглолтууддаа Атлантай 4 тоглож мөн л 3 хожиж, 1 хожигдсон. Кливлэнд мэдээж илүү.

2. Арын тоглогчид буюу backcourt-ийг нь харьцуулбал Атлантад онооны машин Жой Жонсон, хашир туршлагатай Майк Бибби хоёр байгаа тул Кливлэндийг арай илүүрхэж магадгүй.

3. Урд талын тоглогчид буюу frontcourt-ийн хувьд дээрх Майамитай харьцуулсныг үз. Дээр нь Атлантагийн Смит арай л залуу байна, гэнэн байна. Харахгүй юу тэр Майамитай хийсэн 5 дахь тоглолт дээр (Атлантад болсон) хөлнийхөө завсраар дамжуулалт хийн даанк хийх гэж оролдсоныг нь. Үүнд нь эгдүүцсэн Майамичууд өөрийнхөө талбай дээр хэрхэн үнсгүй болтол нь бут ниргэснийг харсан биздээ. Үүндээ хашрахгүй мань Смит дахиад ийм даанкийг Майамитай хийх 7 дахь тоглолт дээр хийсэн ч болохгүй юмгүй гэж байсан. Ал Хорфордын биеийн байдал жаахан асуудалтай байгаа, Марвин Виллямс ч гэсэн бас л бараг л догонцож тоглож буй. За ингээд Кливлэнд илүү болох нь тодорхой байгаа биз.

4. Дасгалжуулагчийн хувьд ойлгомжтой. Плэйоффод дөнгөж хоёрдахь удаагаа багаа тоглуулж байгаа дасгалжуулагч Майк Вүүдсоныг нөгөө Майктай нь харьцуулахад шинэков болох нь тодорхой. Кливлэнд илүү.

5. Сэлгээний тоглогчдын хувьд Кливлэнд илүүрхэнэ. Атлантад нээрээ үзээд өгье ч гэсэн Морис Эвансаас өөр олигтой амьтан алгаа.

6. Хөүмкоортоор нэгээр гарсан Кливлэнд мэдээж илүү.

Энэ үзүүлэлтүүдийг харвал Кливлэнд мөн л 5 тоглолтоор хожих болов уу. Cleveland in 5.

No comments: