Tuesday, May 6, 2008

НБА-гийн эвдэрхий цаг

НБА-гийн цаг байсхийгээд л эвдрэх юм. Зайлуул Дэвид Стернд мөнгө олддоггүй бололтой. Байсхийгээд л цагтай холбоотой хэл ам. Цаг гацсан. Цаг түрүүлсэн. Цаг хоцорсон. Цагийн буруу явалт тоглолтын хувь заяаг шийдсэн.
Өнөөдөр л гэхэд Орландо-Детройтын хоёрдахь тоглолтын хувь заяаг үндсэндээ гуравдугаар үеийн төгсгөлд гацсан цаг шийдсэн гэхэд болно.

Дөнгөж 5 секунд хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад Биллапс бөмбөгөө залсаар орж, бөмбөгөө нэг дамжуулаад эргүүлж аваад гурваас шидэн оруулснаар гуравдугаар үе 78-76-гийн харьцаатай Детроитын талд ашигтайгаар дуусчээ. Ийм их үйлдлийг энэ цөөхөн секундэд хийж барах уу? Гацсан цагтай бол болохоор юм байна гэдгийг Детроитын цаг, Биллапс хоёр харууллаа.

Биллапсын буруу ч гэж юу байхав дээ. Гол учир тэр цаганд л байна. Цагийг эргээд шалгах гэхээр НБА анх Дэлхийн хоёрдугаар дайны дараахан (1946 онд) үүсэх үед батлагдсан дүрэм саад болсон гэнэ дээ. Энэ дүрмийг гарах үед телевиз, электрон цаг бараа сураг ч үгүй байсан цаг. Энэ дүрмийн дагуу шүүгч нар цагтай холбоотой маргааныг ямар ч техник хэрэгсэл ашиглахгүйгээр шийдэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл телевизийн бичлэг ашиглахыг хатуу хориглодог юм байна.

Уул нь плэйоффын тоглолтуудыг Америкийн үндэсний том том телевизүүд шууд дамжуулдаг болохоор ийнхүү тулгаж шалгах техникийн бүрэн боломжтой ажээ. Даанч энэ нэг хоцрогдсон гэхэд дэндүү хоцрогдсон, XXI зуунд электроник бараг дээд цэгтээ тултал хөгжчихсөн өнөө үед үйлчилж байгаа сампингийн үеийн дүрэм саад болжээ.

Тэгээд яахав хөөрхий хэдэн шүүгч "За байзуу. Дөрвөн бүхэл аравны таван секунд болсийн болуу. Эсвэл дөрвөн бүхэл аравны найман секунд болсийн болуу." гэж цээжнийхээ бангаар бодож суух ажээ. Ийнхүү гайтай хөөтэй гацаа цаг, амбасын үеийн арай дэндүү дүрэм хоёрын ачаар Орландо Мэжик хожигдож хүндхэн байдалд орлоо.

Мэдээд байсийнмаа мэдээд байсийн

Спөрс хоёр дараалан хожигдов. Ийм явдал бүүр 2001 онд Лэйкерст 4-0-дуулахад л болж байсан. Одоо Шинэ Орлеаны шижигнэсэн залууст бас 4-0-дуулахад ойрхон боллоо. Эдгээр хожигдлын уг шалтгаан нь Хорнетсийн тоглолт Спөрсийнхтэй сайхан таарч байгаатай холбоотой.

Эхний тоглолтод Спөрсийн хамгийн эмзэг цэг болох дундын зайнаас Дэвид Вэст бөмбөгдсөөр байгаад хожсон билээ. Ядаж байхад Тайсон Чэндлер Тим Данканыг хамгийн шилдэг төв гэж боддог учраас өчнөөн жил судалсан нь энэ тоглолтод Данканыг юу ч биш болгоход хамгийн их тус болжээ. Данкан ТАВХАН ОНОО, ГУРАВХАН САМБАРААС БӨМБӨГ АВАЛТТАЙ тоглолт өндөрлөсөн гээд боддоо!!!! Данкан ёстой өмнөөс нь Баагий ичиж үхмээр тоглолт үзүүлсэн.

Хоёрдахь тоглолтод Спөрс мэдээж стратеги тактиктаа өөрчлөлт оруулж тоглох нь тодорхой байсан. Ингээд мэдээж Дэвид Вэстийг шидүүлэхгүй хамгаалж тоглох тактик баримтлан тоглолоо. Энэ тохиолдолд хэн хамгийн сайн тоглох вэ? Мэдээж КРИС ПО. Крис По жинхэнэ шоу үзүүллээ. 30 оноо, 12 оновчтой дамжуулалт!!! Үнэн тасархай. Крис По үнэхээр супер од болжээ. Түүнийг хэн ч дийлэхээсээ өнгөрч байх шиг байна. НБА-гийн хамгийн хурдан тоглогчдын нэг Паркер хүртэл Крис По-г гүйцэхээ өнгөрчээ.


Дээр нь алдарт гурвын буу Стоякович 3-аас 7 удаа шидэж 5 удаа оруулсан нь бүүр нэрмээс болсон. Стоякович плэйофф эхэлснээс хойш 3-аас нийтдээ 28 удаа шидэж 17-г нь оруулсан байх юм. 60-аас дээш хувийн шидэлт. Ийм амжилт үзүүлэх сагсчин НБА-д бараг байхгүй дээ.

Данканы тоглолт эхнийхээсээ хамаагүй дээрдэж 18 оноо авч, 8 удаа самбараас бөмбөг авсан боловч энэ нь үнэхээр хангалтгүй байлаа. Тайсон Чэндлер 11, Дэвид Вэст 10 удаа самбараас бөмбөг авсан нь нэг юм хэлээд байгаа биз? Тиймээ энэ нь Данканы үе өнгөрч залуусын үе ирж буйг сануулсан дохио болж байна.

Ийнхүү Спөрсийн династи Крис По-гийн удирдсан Шинэ Орлеаны шинэ үеийнхний өмнө зайгаа тавьж эхэллээ! Крис По хэмээх жижигхэн биедээ баймгүй их авъяас чадалтай шинэ МЕГА-СУПЕР ОДЫН ӨМНӨ АЮУТУГАЙ БИШИРТҮГЭЙ.