Saturday, May 2, 2009

Стэрн арай дэндэж байнаа

Энэ жилийн плэйоффын хамгийн сонирхолтой тоглолт Бостон-Чикаго хоёрын дунд өрнөж байгаа гэхэд санал зөрөх хүн байхгүй бизээ. 6 тоглолтын 4 нь нэмэлт цагаар шийдэгдсэн гэхээр ямар өрсөлдөөнтэй болж байгаа нь ойлгомжтой. Хамгийн сүүлийн тоглолт гэхэд 3 нэмэлт цагаар шийдэгдлээ. НБА-гийн түүхэнд плэйоффын нэг цуврал тоглолтод хамгийн дээд тал нь 3 тоглолт нэмэлт цагаар шийдэгдэж байжээ.

Хэдий ийм сонирхолтой тоглолт өрнөж байгаа боловч, НБА болон тэдний шүүгчдийн шүүж байгаа байдал тоглолтыг гутааж байна. НБА, НБА ч гэж дээ Стэрн Бостонд хичнээн хайртайгаа харуулах гэж ядаж байнаа. Багуудаа ингэж алагчилж үзээд байвал НБА-гийн нэр л унахаас цаашгүй дээ.

Та нар хэрвээ энэ цуврал тоглолтыг үзэж байгаа бол Ражон Рондо хичнээн бохир тоглогч болон төлөвшиж байгааг төвөггүй ойлгох буй заа. Бостонд болсон тавдахь тоглолтод Рондо Көрк Хайнричийг дэгээдэж унагаад нүднийх нь дээр байх оёдлыг задлаад зогсохгүй, сүүлийн мөчид Брэд Миллэрийг толгой руу нь дэлсээд авахад нь зүгээр л алдаа өгч байгаа юм даа. Бөмбөгөнөөс тээр хол гар нь очоод л Брэдийн шанаа руу хусахыг НБА-гийн бүх үзэгч сохор л биш бол харсаан. Харин НБА-гийн шүүгчдийн хувьд Бостоны өмсгөлтэй хүн харахаараа нүд нь түр зуур сохордог бололтой.

Гурван нэмэлт цагаар шийдэгдсэн зургаадахь тоглолт түүхэнд бичигдэхээр тоглолт болж дууссан. Харин энэ тоглолтын нэг гол баатар нь мөнөөх л Рондо байв. Мань эр аанай л Көрк Хайнричийг гараас нь угз татан оноо тэмдэглэгчийн ширээ рүү түлхэж унагалаа. Ингэхэд нь өт ч гэсэн биенд нь хүрэхээр арвалздаг юм болохоор Көрк эргээд дайрахад нь бас тохойдох гэж үздэг байна ш дээ. Энэ тулааны эцэст мэдээж Рондо шүүгчдийн ивээлээр дөнгөж санаатай алдаа авсан бол Көрк техник алдаа авсан. Уг нь бол Рондогийн хийсэн үйлдэл 2-р зэргийн санаатай алдаанд тооцогдож, шууд тоглолтоос хөөгдөж, дараачийн тоглолтыг өнжих ёстой болох байсан юм.

Гэвч НБА бол НБА, НБА лаавз Бостон.

НБА яахав худал үнэн тоглолтыг хянана гэсээн. Тэгээд өнөөдөр юу гэж зарласан гээч. Рондод нэмэлт шийтгэл оноохгүй гэжээ. Рондо яаж ч авирласан Стэрний хайртай гөлчгий хэвээр үлдмой.

Сүүлийн жилүүдэд НБА-гийн энэ мэт алагчилсан шүүлт плэйоффыг ихэд гутаах болсон. Жишээ гэвэл Спөрс-Фөниксийн тоглолтыг шүүсэн шүүлт байна. Хоори гэж нэр нь хүртэл хорлогчин нөхөр Нэшийг мөн л ширээ рүү түлхэж унагахад Стүдэмайэр ухасхийн босч ирээд нэг тоглолт өнжсөн бол Хоори нь хоёр тоглолт өнжсөөн. Энэ тоглолтын үеэр өөр бас нэг хэрэг явдал дэгдэхэд нөгөө талаас босч ирсэн Даанкэн энэ тэр болохоор зүгээр өнгөрснийг санаж байгаа биз дээ.

Майамийг бас дэмждэг ч гэсэн бас 2006 оны Даллас-Майамийн финалын тоглолтыг ч дурдахгүй өнгөрвөл шударга биш хэрэг болно. Энэ тоглолтод шүүгч нар илэрхий Майамийн талд шүүж байсныг та нар мартаагүй гэж найдна.

Стэрн арай дэндэж байна шүү. Үнэхээр дэндэж байна.

No comments: