Monday, June 15, 2009

Гайхамшиг Лэйкэрст тохиолдов



Лэйкэрс 5-хан тоглолтоор Орландог буулгаж авав. Гайхамшиг. Коби тэргүүтэй Лэйкэрсчүүд энэ жил үнэхээр бусдаас давуу, хашраа харуулж түрүүллээ. Тэдний замд санасныг бодоход хэцүү даваанууд учирсан. Яо, МакГрэйдигүй Хьюстонтой 7 тоглож, Биллапсыг авснаас хойш цоо шинэ болж өөрчлөгдсөн Дэнвэртэй 6 тоглож байж финалд шалгарсан.

Финалд ч бас хэцүү сорил тулгарч байв. Лэйкэрсийн нэмэлт цагаар хожсон хоёр тоглолтод Орландо бараг л хожино алдсан. Коби анх удаа финалын ЭМ ВИ ПИ боллоо. Коби Жорданаас хойш төрсөн хамгийн агуу тоглогч болохоо харуулж чадлаа. Лэйкэрсчүүддээ болон Лэйкэрсийн бүх фэнүүдэд баяр хүргэе.

Thursday, June 4, 2009

Сүүпэрмэн Кэй Би 24-ийн эсрэг

ЛэБрон тэргүүтэй Кливлэндчүүд финаалд шалгараагүй ч Сүүпэрмэн хочит Двайт Ховард, KB24 нар үлдсэн нь финаалыг тун сонирхолтой болгож байна.

Спортын ихэнх тоймчид Лэйкэрсийг түрүүлнэ гэж ярьж байгаа ч би өөрийн энгийн ухаанаар задлан шинжилсэн таамаглалаа доор өгүүлсү:

1. Улиралд хоёр баг хоорондоо хэрхэн тоглосон бэ? Орландо Лэйкэрстэй 2 удаа тоглохдоо хоёуланд нь ялсан байна. Гэхдээ эдгээр ялалт нь тун ойрхон оноогоор буюу 3-6 онооны зөрүүтэй ялалт байна. Түүнчлэн Хүчирхэг Хулгана (Mighty Mouse) хочит Жамиер Нэлсон эдгээр тоглолтод 27, 28 оноо тус тус авч ялалтад томоохон хувь нэмэр оруулж байжээ. Жамиер Нэлсон түүнээс хойш мөрөндөө бэртэл аван, улиралд дахин тоглоогүй билээ. Тэхээр Орландо Лэйкэрсийн эсрэг улирлынх шигээ сайн тоглох эсэх нь бас бага зэрэг эргэлзээтэй болж байна. Сүүлийн үед авсан мэдээллээр бол Нэлсон финаалд тоглох чин хүсэлтэй байгаа бөгөөд баг нь ч бараг тоглуулахаар болж байна. Энэ тал дээр Орландо ямар ч байсан давуу байна.

2. Хөүмкоортын тухайд Лэйкэрс хожлоор илүү тул давамгайлах нь тодорхой.

3. Холбон тоглогчийн хувьд Фишэр плэйоффод ямар муу тоглож байгааг бүгд мэдэж байгаа буй заа. Харин Орландогийн хувьд Хүчирхэг Хулганы оронд авсан Олстон Кливлэндийн эсрэг хэрхэн сайн тоглосныг бүгд харсан. Орландод нэмэх оноо өгье дээ.

4. SG-ийн хувьд Кобиг гүйцэх SG Орландод байтугай энэ дэлхийд байхгүй. Лэйкэрс

5. Жижиг довтлогчийн хувьд Түрк Аризагийн эсрэг. Түркийн гурвын шидэлтүүд Кливлэндийг яаж будаа болгосныг үзсэн хүн бол Орландо арай илүүрхэнэ гэдэгтэй санал нэгдэх буйзаа.

6. Том довтлогч гэхүү хүчний довтлогч гэхүү мээстэн дээр Газоол, Льюис хоёрын тулаан болно. Хоёр тоглогчийн багтаа гүйцэтгэж ирсэн үүргийг нь харахаар бараг тэнцүү талдаа байна. Тэхээр үүнийг нойллоё.

7. Төв: Двайт Ховардыг зүгээр ч нэг Сүүпэрмэн гэж нэрлээгүй байхаа. Байнум урьдын Байнум шигээ тоглож чадахгүй байна. Орландо илт илүүрхэнэ.

8. Нөөц тоглогчид: Ламаар Одом, Саша Вуяжич, Жордан Фармар, Люк Волтон, Мбэнга Рэдик, Пиетрус, Гортат, Баттет, Энтони Жонсоны эсрэг. Энэ тал дээр Лэйкэрс арай илүүрхэж магад. Гэхдээ Орландогийн нөөц тоглогчид бас ч чамгүй сайн тоглолт үзүүлж ирсэн. Ялангуяа Пиетрус, Гортат хоёр маш сайн тоглож байгаа. Гэсэн ч Лэйкэрст оноог өгч байна.

9. Дасгалжуулагч: Фил Жэксон 9 бөгжтэй. Харин Стан Ван Гүнди Док Ривэрс, Майк Браун хоёрыг давсан байдаг. За за Лэйкэрс гэсэн.

Эцсийн дүн 4-4. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хооронд доод тал нь 6 тоглолт гарна гэсэн үг. Orlando in 7.

Sunday, May 31, 2009

Блогийн гашуудал

Дэнвэр, Кливлэнд багууд бүсийн финалаас гарч чадаагүйтэй холбоотой блогийн гашуудал зарлав.

Энэ хоёр баг хоёулаа 6 дахь тоглолт дээрээ хожигдсон боловч хоёр өөр сэтгэл санааны байдалтай байна.

ЛэБрон Орландогоос явахдаа юу ч дуугараагүй нь Кливлэндийн багийн удирдлага, гишүүд, дасгалжуулагчдад том дохио болж байна. Кливлэнд дүнсийж байна. ЛэБронд энэ зун л Скоттий Пиппэнийг нь олж өгөхгүй бол ЛэБрон 2010 онд өөр аварга болгоё гэсэн багууд руу явах боломж улам ихэснэ гэсэн үг.

Харин Мэлогийн хувьд тун өөдрөг бодолтой байна. Мэло багаа энэ хэвээр нь хадгалбал аваргын цом ойрхон байна гэж хэлжээ. Дэнвэрийн хувьд гол 5 тоглогч нь гэрээ дуусаагүй бөгөөд гэрээ нь дуусч байгаа Крис Андэрсэн, Дантэй Жөүнс, Энтони Картэр нарын тухайд буцаж ирмээр байгаагаа мэдэгдсэн. Дэнвэр юуны өмнө Крис Андэрсэнийг цаашид авч үлдэх сонирхолтой байгаа ажээ. Дантэй Жөүнс ч гэсэн Ди-Лигээс гарч ирсэн гэхэд гараанд гайгүй сайн тоглож, өрсөлдөгч багийнхаа тоглогчдыг нэлээд сайн зовоож чадсан. Тэхээр Дантэй ч гэсэн Дэнвэрт хэрэгтэй байгаа юм.

Энэ зун ч Дэнвэр, Кливлэндийн хөгжөөн дэмжигчдэд урт зун болох нь дээ. Жаахан гунигтай.

Saturday, May 23, 2009

Түркоглү = Эло?

ЛэБрон гайхамшгийг бүтээлээ. Өнөөдрийн Орландо-Кливлэндийн тоглолт үнэхээр гайхамшигтай өндөрлөв. Кливлэнд мөн л эхний хагаст 20 гаруй оноогоор давамгайлж яваад 2-3-р үед баригдаж, улмаар цаг дуусахад 10 гаруйхан секунд дутуу байхад оноо тэнцсэн байлаа. Орландо довтоллоо. Түркоглүг бөмбөг оруулсны дараа ганхцан секунд үлдсэн байв. Яг энэ дүр зураг их л танил санагдаж байна уу? Энэ бол 20 жилийн өмнө 1989 онд яг иймэрхүү нөхцөлд Кливлэндийн Элогийн хийсэн бөмбөгтэй адил санагдаж байна.

Дараах үйл явдал ч мөн адил үргэлжилсэн. Кливлэнд завсарлага аваад Мо бөмбөгийг хажуунаас гаргаж гурвын шугамын гадна байх ЛэБрон руу өглөө. ЛэБрон Түркоглүгийн өөдөөс жаахан хөдөлж өөртөө зай гарган шидлээ. Гайхамшиг! Бөмбөг орчихлоо! Түүх давтагдлаа. Гэхдээ энэ удаа Кливлэнд ялагч талд нь байна. Энэ бол эхлэл. Хоёр үйл явдлыг харьцуулахын тулд бичлэгүүдийг нь дор орууллаа.

2009 оны 5-р сарын 22 ЛэБроны гайхамшигт шидэлт



1989 онд Майкл Жорданы хийсэн гайхамшигт шидэлт

Friday, May 22, 2009

Биллапс чөтгөрийн зулзага

Дэнвэр Наггэтс авах ёстой ялалтаа авлаа. Тэд үнэхээр Лэйкэрсээс илүү гэдгээ талбай дээр нь тоглосон хоёр тоглолтоор харуулж чадлаа. Эхний тоглолтод хоёрхон оноогоор хожигдсон нь тэдний хэр сайн тоглосныг харуулна.

Өнөөдрийн гайхамшигт ялалтыг авчрахад Мэло их үүрэг гүйцэтгэсэн. Мэло одоо л өөрийгөө сүпэр старын зиндааны тоглогч гэдгээ мэдэж, өөртөө итгэлтэй тоглож сурчээ. Өнөөдөр Кобиг сайн хамгаалсан. Урьдны Мэло 180 хэм өөрчлөгдсөнийг энэ жилийн плэйофф тод томруун харуулж байна. Мэло гэж Лэйкэрстэй тоглохоор л гөлөг болчихдог байсан бол энэ жил үнэхээр тэс өөр байна. Эхний тоглолтод 39 оноо авсан бол хоёрдахь тоглолтод 34 оноо авснаас гадна, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Сүүлийн үед Дэнвэрийн фэнүүд Мэло Эйр Жордан өмсдөг юм чинь Найкийн сурталчилгаанд Мэлогийн хүүхэлдэйн дүрс Коби, ЛэБрон хоёртой хамт тоглох ёстой гэцгээж байна. Бүр зураг төслийг нь хүртэл гаргажээ.

Өнөөдрийн тоглолтын бас нэг баатар Линас Клэйза байлаа. Линас Лэйкэрстэй тоглохоор л тоглолт нь сэргэдэг, бусад үед нь алга болчихдог сонин гар шүү. Ноднингийн плэйоффод Линас л Лэйкэрстэй ана мана үзэж байсныг та нар санаж байгаа биз дээ? Линас энэ эрчээрээ Лэйкэрсийг нухахад томоохон үүрэг гүйцэтгэх байхаа гэж найдна. Жич: Линасын Лэйкэрстэй тоглохоор ингэж сайн тоглодгийн учир нь Линас Лэйкэрс рүү явахыг хүсдэгт байгаа юм гэж бас зарим хүн ярьж байх юм. Хэ хэ хэ.

Энэ тоглолтод гарсан нэг тохиолдлыг дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй байна. Энэ бол Биллапс Кобигийн нуруун дээр бөмбөгөө ойлгож аваад лэй-ап хийсэн явдал юм. Биллапс анх энэ залийг бүүр ахлах сургуулийн сурагч байхдаа хэрэглэсэн гэдэг. Тэр үед мань нөхөр бөмбөг хийхийн тулд бөмбөгөө шийдний доор аваачих хэрэгтэй байжээ. Энэ бол Колорадо муж улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа.

Ядаж байхад багийнх нь нэг ч хүүхэд чөлөөтэй биш байв. Цаг явсаар шүүгч нэг, хоёр, гурав гэж тоолоод л... Тав тоолчихвол дуусаа. Биллапс сандрахгүйг хичээж байв. Тэр Дэнвэр хотын түүхэнд гарсан хамгийн аугаа сагсан бөмбөгч - сурагч байсан тул зааланд пиг цугласан үзэгчид түүнийг л харах аж. Бөмбөгөө алдвал ониг. Ерөөсөө л зохион байгуулалт, төлөвлөгөөгүй байна гэдэг түүний хувьд огт тэвчишгүй зүйл. Бүр үзэн яддаг. Гэнэт түүнийг хамгаалж байсан айлын багийн хүүхэд нуруугаа түүн рүү харуулахыг ажиглаад, бөмбөгөө хамгаалагчийн нуруу руу шидэж ойлгоод, өөрөө бөмбөгөө авч хоёр гараараа даанк хийжээ. Өөрөө өөртөө оновчтой дамжуулалт өгч, өөрөө бөмбөгөө хийсэн явдал энэ ажгуу. Биллапсын эмээ Флорэнс Грэшэм гуай л ганцаараа ач хүүгийнхээ энэхүү зүггүйтлийг буруушаасан аж. Эмээ нь мань нөхөрт "өрсөлдөгчөө хүндэлж, зөв тоглож сур" гэж захьдаг байжээ.

2009 онд Биллапс эмээгийнхээ энэ захиасыг таг санажээ. Боломж тохиов. Коби нуруугаа түүн рүү харууллаа. Өөр дамжуулчих хүн даанч байсангүй. Юу бодохов. Шууд Кобигийн нуруун дээр бөмбөгөө ойлгож өөртөө оновчтой дамжуулалт өгчээ. Үзээрэй. Үнэхээр тасархай.

Коби-ЛэБроны хүүхэлдэйн клипүүд

Саяхан Найк Коби, ЛэБроны хүүхэлдэй бүхий зар сурталчилгааны клипүүд хийлгэжээ. Үнэхээр зугаатай клипүүд болсон байна.

Хэн ч зогсоож дийлэхгүй ...



Шохой гэж



Гурван бөгж

Thursday, May 21, 2009

Эхний тоглолтууд юу хэлэв?

Наггэтс-Лэйкэрсийн тоглолтын хувьд Наггэтс тоглолтын турш давуу явсан боловч төгсгөлөө хийж чадсангүй. Дээр нь торгуулийн шидэлтээ сайн гүйцэтгэж чадаагүй нь хожигдоход нь их нөлөөллөө. Дэнвэрийн энэ плэйоффод хожигдсон гурван тоглолтыг авч үзэхэд гурвууланд нь 11-12 торгуулийн шидэлт алдаж, гурвууланд нь 2-хон оноогоор хожигджээ. Тэхээр энэ талаа анхаараад жаахан сайжруулбал Лэйкэрсийг угсраа гурав хожиход ядах юмгүй мэт харагдаж байна. Жич: 1. Жэрри Вэст ЛэБроныг Кобигоос илүү болжээ гэж хэлсэн нь Кобиг хурцлаад өгсөн байж магадгүй гэлцэж байна. 2. Дасгалжуулагч Жорж Карл эцсийн мөчид тэнэг шийдвэр гаргасан. Энтони Картэрээр шийдвэрлэх дамжуулалтыг гүйцэтгүүлэх шийдвэрийг яагаад гаргасан нь одоо болтол тайлаагүй оньсого хэвээр үлджээ.

Кливлэнд-Орландогийн тоглолтоос нэг л танил зүйл харагдлаа. Юу вэ гэвэл Кливлэнд урьд жилүүдийн плэйоффод эхний хагаст сайн тоглож, гуравдахь үед миарч, дөрөвдэх үед давамгайлж чадахгүй байсаар хожигддог байсан. Яг энэ байдал давтагдаж байна. Түүнээс гадна ихэд найдлага хүлээлгэж байсан Кливлэндийн нөөц тоглогчид маш муу тоглож дөнгөж 5-хан оноо авчээ. Тэгэхэд Орландогийн нөөц тоглогчид 25 оноо авсан. Мо Виллиамс ч бас Мо Виллиамс. Дээр нь бас Дэлонтэ Вэст шийдвэрлэх үед бөмбөгөө хийж чадсангүй. Кливлэнд энэ жилийн плэйоффод анхныхаа сорилтой тулгарлаа. Үүнийгээ л давчихвал аваргын цом ч ойрхон байна даа.