Wednesday, April 23, 2008

Шинэ супер од төрж байна. Түүнийг Крис По гэдэг

Түүнийг Крис По, бас CP3 ч гэдэг. Сагсчид дундаа намханд тооцогдох энэ жоохоон залуу супер одын зиндаанд хүрсэнээ азгүй Далласчуудад харуулж байна. Өчнөөн удаа плэйоффт тоглосон хашир туршлагатай Далласыг хоёр дараалж ялна гэдэг ямар ч багт хэцүүхэн даваа. Гэсэн ч Крис По ба түүний нөхөд үүнийг чадлаа.

Крис Пог барих хүн үзээд өгье гэсэн ч Далласт олдохгүй байна. Жэйсон Кидд ч зайлуул хөгширч дээ. Одоо ч нэг их удахгүй зодгоо тайлах цаг болсон байна. Өнөөдрийн тоглолтод Дөрк Новицки хүртэл Киддэд туслахаар гурвын шугам руу ухасхийж байв.

Гэсэн ч нэмэргүй. CP3 тэдний дундуур зүсээд л, эсвэл хуураад л орчихож байна. Бараг Далласынхны каадрыг зогсоож байгаад тоглочихсон юм биш үү. Өнөөдөр нийт 32 оноо, 17 оновчтой дамжуулалт хийж, оновчтой дамжуулалтаар өөрийн клубын плэйоффын рекордыг эвджээ. Өмнө нь бүүр 1993 онд Маггзи Богс гэгч нөхөр 15 удаа оновчтой дамжуулж байсан байх юм.

Дасгалжуулагч Байрон Скотт нь манай Крис ч лигдээ тэргүүлэх пойнтгаард боллоо доо, ур чадвараараа шал өөр түвшинд хүрчээ гэж бахдан дуу алдаж байна.

Нью-Орлеанз Катрийна матрийна гээд өчнөөн юм туулж байж гайгүй баг болчихоод 2010 онд Крисээ Нью-Йорк Никст алдчихвал ч ёстой харамсаад барахгүй юм болно доо. Тэр үед Крис, Жэймс хоёрыг авна даа гээд Никсийнхэн тоочиглоод байна гэж цуурцгааж байна, цаагуур чинь.

За, ямар ч байсан Крис По Далластай тоглосон эхний хоёр тоглолтдоо (35-10, 32-17) гайхамшигтай амжилт үзүүлж супер-од болсноо нэгэнтээ харуулж чадлаа. Түүний дэргэд Далласын хоёр ч бүх-од, ялангуяа Кидд зүгээр байдаг л нэг гарууд шиг харагдаж байв.

No comments: