Wednesday, April 23, 2008

Коби Лос Анжелестаа жаргалтай

Сүүлийн хэд хоног Коби шиг жаргалтай хүн алга байх шиг байна. Даваа гарагт Коби сурвалжлагч нарыг дуудаж уулзаад ямар жаргалтай байгаагаа хуучилжээ. Ердөө л жил хүрэхгүй хугацааны өмнө машины зогсоол дээр есөн жорын юм ярьж, намайг худалдаад өгөөчээ хэмээн гуйж байсан Коби одоо сахиулсан тэнгэрүүдийн хотдоо туйлын хайртай болчихож. Коби сэтгүүлчдийн өмнө суучихаад “Би Лос Анжелесийнхаа агаарт хайртай, би 63 оны оройгүй Импаладаа хайртай, би 405-р замд хайртай, би багийнхаа нөхдөд хайртай” гээд зогсохгүй зодгоо тайлан тайлтал Лэйкерстээ л тоглоно гэчихжээ.

Өнгөрсөн зун Капчакийг тэнэг мангараар нь дуудаж, F дүн тавьж байсан Коби одоо дүнгээ засч A+ тавихад болохгүй юм алга гэжээ. Ингэхдээ өнгөрсөн хэдэн драфтаар хэдэн шижигнэсэн залуу авсан, энэ жил бас Ариза, Газоол хоёрыг наймаагаар авсан зэрэг гавъяаг нь үнэлсэн бололтой. Тэхдээ бас би л ер нь тэгж пижигнүүлээгүй бол өдийд зогсонги байх байсан гэж өөрийгөө хөөрхөн дөвийлгөөд авчээ. Капчак өөрийг нь гуйхад шууд зарчихаагүйд их баярласнаа бас хэлсэн байна. Лэйкерс 4 жилийн турш ямар ч олигтой амжилт гаргалгүй явсаар ирсэн нь мань эрийн цөхрөнгийг барсан учраас л өөрийгөө зарчихаач гэж гуйсан, харин энэ жил ёстой тасархай байнаа гэж Коби инээд алдан ярьж суух юм. Дараа жил Коби гэрээгээ цуцлах боломжтой боловч тэр талаар ерөөсөө бодоогүй, Лос Анжелесдаа л үлдэнэ гэжээ.

Лэйкерс энэ жил аварга болж чадахгүй бол дараа жил баталгаатай аварга болох нь ойлгомжтой. Гарааны тав нь Байнум, Газоол, Одом, Коби, Фишер, нөөцөнд Вуячич, Фармар, Туриаф, Ариза, Радманович байна гээд л бод л доо.
Үнэхээр тасархай. ЛАЛ ямар ч байсан плэйоффоо олон хүний бодож байсанчлан хожиж эхэллээ. Цаана нь арван тавхан хожчихвол ч аваргын бөгж авлаа даа авлаа.

Коби жаргалтай байна. Кобиг дагаад би ч жаргалтай...

No comments: