Tuesday, May 6, 2008

НБА-гийн эвдэрхий цаг

НБА-гийн цаг байсхийгээд л эвдрэх юм. Зайлуул Дэвид Стернд мөнгө олддоггүй бололтой. Байсхийгээд л цагтай холбоотой хэл ам. Цаг гацсан. Цаг түрүүлсэн. Цаг хоцорсон. Цагийн буруу явалт тоглолтын хувь заяаг шийдсэн.
Өнөөдөр л гэхэд Орландо-Детройтын хоёрдахь тоглолтын хувь заяаг үндсэндээ гуравдугаар үеийн төгсгөлд гацсан цаг шийдсэн гэхэд болно.

Дөнгөж 5 секунд хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад Биллапс бөмбөгөө залсаар орж, бөмбөгөө нэг дамжуулаад эргүүлж аваад гурваас шидэн оруулснаар гуравдугаар үе 78-76-гийн харьцаатай Детроитын талд ашигтайгаар дуусчээ. Ийм их үйлдлийг энэ цөөхөн секундэд хийж барах уу? Гацсан цагтай бол болохоор юм байна гэдгийг Детроитын цаг, Биллапс хоёр харууллаа.

Биллапсын буруу ч гэж юу байхав дээ. Гол учир тэр цаганд л байна. Цагийг эргээд шалгах гэхээр НБА анх Дэлхийн хоёрдугаар дайны дараахан (1946 онд) үүсэх үед батлагдсан дүрэм саад болсон гэнэ дээ. Энэ дүрмийг гарах үед телевиз, электрон цаг бараа сураг ч үгүй байсан цаг. Энэ дүрмийн дагуу шүүгч нар цагтай холбоотой маргааныг ямар ч техник хэрэгсэл ашиглахгүйгээр шийдэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл телевизийн бичлэг ашиглахыг хатуу хориглодог юм байна.

Уул нь плэйоффын тоглолтуудыг Америкийн үндэсний том том телевизүүд шууд дамжуулдаг болохоор ийнхүү тулгаж шалгах техникийн бүрэн боломжтой ажээ. Даанч энэ нэг хоцрогдсон гэхэд дэндүү хоцрогдсон, XXI зуунд электроник бараг дээд цэгтээ тултал хөгжчихсөн өнөө үед үйлчилж байгаа сампингийн үеийн дүрэм саад болжээ.

Тэгээд яахав хөөрхий хэдэн шүүгч "За байзуу. Дөрвөн бүхэл аравны таван секунд болсийн болуу. Эсвэл дөрвөн бүхэл аравны найман секунд болсийн болуу." гэж цээжнийхээ бангаар бодож суух ажээ. Ийнхүү гайтай хөөтэй гацаа цаг, амбасын үеийн арай дэндүү дүрэм хоёрын ачаар Орландо Мэжик хожигдож хүндхэн байдалд орлоо.

No comments: